ЦДБЭЧ-аас анхлан санаачилж, ЗХЖШ-тай хамтран Зэвсэгт хүчний ангиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээн энэ долоо хоногийн турш Цэргийн Соёлын төв өргөөнд явагдах юм. Тэмцээнд оролцох багууд техникийн зөвлөгөөний хурлаа хийж, өрсөлдөх өдөр, гарааны дараалал, дуулах дууны сонголтоо хийжээ. Энэ жил тус тэмцээнд Ховд, Өмнөговь, Орхон, Хэнтий, Сэлэнгэ аймгийн анги салбаруудаас оролцож байгаа бөгөөд нийт 26 ангийн 150 гаруй шилдэг дайчид өөрсдийн авьяас билэг, мэдлэг чадвараа сорих нь.
Зэвсэгт Хүчний “Урлагийн марш тактик” хэмээн нэрлэгддэг “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээн нь үндэсний түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хамтын ажиллагааг өргөжүүлэх олон талын ач холбогдол бүхий соёлын томоохон арга хэмжээ юм.
Гахай жилийн хаврын тэргүүн сарыг угтсан энэ жилийн тэмцээнд багууд Мэндчилгээ, Монгол шагайн харваа, Заавал дуулах дууны тэмцээн, Төв Халхын ардын дуу, Монгол бахархал асуулт хариултын тэмцээн гэсэн таван төрлөөр оролцож өрсөлдөнө.
Бас нэгэн онцлог нь өдөр бүр тэмцээний өмнө ЦДБЭЧ-ын хамт олон шилдэг уран бүтээлүүдийн “Талархлын тоглолт”-оо үзэгчдэд өргөн барих аж. Мөн Цэргийн Соёлын төв өргөөний концертын угтвар танхимд Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.