Одоогоос жил хоёр сарын өмнө Норжмаагийн Байгальмаа бүсгүй Монголын нийслэл Улаанбаатар хотоос Их Британийн нийслэл Лондон хот хүртэл 12,000 км замыг тэмээгээр туулах гурван жилийн аяллаа эхлүүлсэн. Тэмээчин бүсгүй Монголын баруун хязгаарыг туулж өнгөрсөн гуравдугаар сард Хятадын хил гарч, Шинжианыг туулан Казакстан улсын зүүн хилээр гарахаар зорьж байна. “ExplorersWeb” Байгальмаагийн аяллын талаар сонирхож түүнтэй ярилцжээ.
Аялал хэрхэн эхэлсэн бэ?
Би Монголд 12 жилийн турш аялал жуулчлалын салбарт ажилласан. Чөлөөт цагаараа ууланд авирах дуртай. Найман жилийн өмнө Монголоос Унгар хүртэл мориор аялсан Австралийн аялагч Тим Копын тухай анх сонсож байлаа. Тэгээд би Торгоны зам байсан жимээр тэмээтэй аялахыг хүссэн.
Тэмээ унаж 3,000 км аялсан анхны монгол эмэгтэй болоод байгаа. Хэрэв Лондон хүртэл аяллаа дуусгачихвал тэмээн жингийн нэг цуваагаар хамгийн хол аялсан түүхэн аяллын эзэн болно. “Өрнөдийн тал нутаг” төслөөрөө монголын соёлыг дэлхий дахинд таниулж сурталчлахын зэрэгцээ эмэгтэйчүүдийн хүч чадлыг харуулахыг хүссэн.
Монголчууд таны аяллыг хэрхэн хүлээж авсан бэ?
Би дэлхий даяар аж төрдөг монголчуудын дунд алдартай болсон. Учир нь энэ аялал маш хүнд, нэн ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд. Намайг аяллаа эхэлсний дараа маш их эерэг нөлөө гарч эхэлсэн. Тэмээ бол монголчуудын дунд нийтлэг хөсөг. Би хөдөө нутагт амьдардаг эмэгтэйчүүдийг ирээдүйгээ төлөвлөхөд урам зориг өгч чадсан гэж бодож байна.
Алс холын аялалд гарахад хамгийн хүнд сорил юу байна вэ?
Монгол орны хувьд хамгийн хүнд зүйл бол цаг агаар. Учир нь тэнд маш хүйтэн. Бид анх долуулаа аяллаа эхэлсэн боловч бусад маань хүйтнээс болж, зарим нь хувийн шалтгаанаас болж аяллаа орхисон. Бид эхний сараа өвлийн дунд үед Говь цөлөөр явж өнгөрүүлсэн. Зарим шөнө цельсийн -58 хэмийн хүйтэнд хонож байлаа. Зөвхөн өөрийгөө хүйтнээс хамгаалаад зогсохгүй амьтдадаа ч бас анхаарал тавих хэрэгтэй. Бүхэлдээ цас мөсөөр хучигдсан газарт амьтдадаа хөлдөөлгүй, хоол хүнстэй байлгах ёстой.
Та нүүдэлчин удамд төрсөн, тиймээс аяллаа хэрхэн үргэлжлүүлэх талаар өөрийн гэсэн арга барил мэдлэгтэй байх. Гэхдээ замын туршид олж авсан чадваруудаасаа хуваалцаач.
Би яг л дөнгөж төрсөн хүүхэд шиг маш олон төрлийн чадварт суралцаж байна. Нэн ялангуяа гэнэтийн өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох чадварт маш сайн суралцаж байна. Есөн тэмээтэй аялахад асуудал мундахгүй ч уян хатан, амархан дасан зохицдог байвал бүх зүйл илүү хялбар болдог. Мэдэхгүй зүйлээ нутгийн иргэдээс асууж зөвлөгөө авах хэрэгтэй. Сонсож чадвал илүү ихийг суралцана.
Олон улсын хил дамжин тэмээтэй явахад арын албаны, техник хангамжийн асуудал тулгарч байна уу?
Монголын Гадаад харилцааны яам намайг бүх улс орнуудын хилээр нэвтрэхэд тусалж байгаа. Гэхдээ төрийн олон шатлалтай байгууллага, хүнд суртлаас болж нэг улсын хил давахад дөрвөн сар орчим хүлээх шаардлагатай. Казакстанаар хил гарахдаа би тэмээнүүдээ Монгол руу буцаасан, Хятадын хил гарах зөвшөөрөл авахын тулд таван сар хүлээсэн. Харин одоо Хятадаар дамжиж Казакстан руу орохын тулд өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш хүлээж байна. Яг одоогийн нөхцөл байдлаас харахад унаж яваа тэмээнүүдээ Хятад-Монголын хилийн цэрэгт хандивлаад Казакстанаас шинэ тэмээнүүд худалдаж авч магадгүй. Турк улс хүртэл бид ихэвчлэн говь, талаар явна. Харин Европ руу ороход нөхцөл байдал огт өөр болох байх.
Тэмээгээр аялна гэхээр романтик юм шиг сэтгэгдэл төрдөг, гэхдээ яг тийм байж чадах уу?
Ихэнх хүмүүс амьтадтай аялна гэхээр машин барьж байгаатай адил хялбар гэж боддог. Яг үнэндээ үүнд маш их цаг зарцуулдаг. Тэмээнүүдээ өдөрт гурван удаа хооллоно, эсэн мэнд байгаа эсэхэд нь үргэлж санаа тавина. Тэмээн тавхай их зөөлөн байдаг болохоор хол явахад тохиромжгүй. Хэт удаан явахаар хагарч, цус гардаг. Үүнээс сэргийлж хөлд нь тос түрхэж иллэг хийнэ. Өөрөөр хэлбэл өөрөөсөө түрүүлж амьтдадаа анхаарал тавих ёстой.
Ирэх саруудад юу төлөвлөсөн бэ?
Би яг одоо Хятад-Казакстаны хилийн дунд байдаг Хоргост хил нэвтрэх зөвшөөрлөө хүлээж байна. Узбекстан, Туркменистанаар эрсдэлтэй аялал хийнэ. Том мөрөөдөлтэй байна гэдэг сайн зүйл. Миний дараагийн хүнд сорилт бол зүүн Европ.
Эх сурвалж: explorersweb.com