Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, XX зууны манлай эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэн орчин цагийн боловсролын тогтолцоог үүсгэн хөгжүүлэх, хүн ардаа сурган гэгээрүүлэх, утга уран зохиолын шинэ аргыг уламжлал шинэчлэлийн залгамж холбоонд хөгжүүлэх, хэл бичгийн шинжлэх ухааны онолын суурь судалгааны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.Өнөөдөр болсон шинэ цагийн эгнэгт дурсагдах их эрдэмтний мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном, Д.Төмөртогоо, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй, Токиогийн Гадаад судлалын Их сургуулийн доктор Окада Казиюүки, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн доктор Яхонтова Наталья Сергеевна тэргүүтэй дотоодын нэрт эрдэмтэн судлаачид оролцож итгэл тавьсан юм.
Түүний зохиол бүтээлүүд монгол туургатнаас гадна орос, анли, герман, франц, хятад, чех, болгар, польш зэрэг улсын хэлээр орчуулагдан гадаадын уншигч, орчуулагч, судлаачдын талархал хүндэтгэлийг хүлээн, сонирхлыг нь татсан хэвээр. Монголч эрдэмтэн судлаачдын шинэ цагийн монголын утга зохиолын туршлага, уран сайхны сэтгэлгээний баялаг уламжлал, түүх, соёлын зангилаа асуудлыг авч үзэхэд судалгааных нь гол хэрэглэгдэхүүн болсоор буй. Мөн орчуулгын бүтээлээс төвд хэлнээс монгол хэлнээ “Янагийн дуулал”, санскрит, төвд хэлнээс “Үүлэн элч” зэрэг өрнө, дорно уран зохиолын олон ном орчуулсан байдаг. Тэр дундаа их эрдэмтний өөрийнх нь бүтээл болох “Гологдсон хүүхэн”, мөн А.С.Пушкины “Үүл”, “Алтан загасны үлгэр”, М. Лермонтовын “Игорын хорооны тууж” зэрэг орчуулгын зохиолыг нь өнөөгийн хүүхэд, залуус сайн мэднэ.
Хурлын үеэр нэрт эрдэмтний уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж, олон нийтэд танилцуулах үеэр охин Цендина Анна Дамдиновнагаас сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр аавынхаа тухай
-Аавын минь 110 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид оролцон илтгэл тавьж, өөр хоорондоо санал бодлоо солилцож, хойшид уран бүтээлийг нь судалж, олон ажил өрнүүлэх гэж байгаад баяртай байна. Гадаадын эрдэмтдээс Бээжингийн их сургуулийн доктор, профессор Ван Хао аавын бүтээлийг судалж “Ц.Дамдинсүрэн судлалын талаарх хэдэн санаа бодол” гэсэн итгэл тавьсан нь тун сонирхолтой санагдлаа. Мөн Санктпетербургт доктор Яхонтова Наталья аавын 1933-1938 онд Ленинградад суралцаж байсан дурсамж, он жилүүдийн тухай архивын материал дээр тулгуурлаж бичжээ.
Аавын зарим бүтээл монгол эрдэмтдийн дунд одоо ч маргаантай хэвээр байдаг. Гэхдээ монгол судлаачид болоод дэлхийн монголч эрдэмтэн судлаачид ч гэсэн аавын эх бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг сурвалжлан, үргэлжлүүлэн судлах ажил өмнөх үеийнхээс хоцорч байна уу даа гэсэн бодол төрлөө. Энэ салбарт хөл тавьж буй эрдэмтэн залуусыг би аавын бүтээлүүдийг хойшид судалж, олон сонирхолтой зүйлүүдийг олонд хүргээсэй гэж хүсэж байна. Аавын маань олонд дэлгэж амжаагүй үлдсэн бүтээлүүд бий. Манай аав судалгааны бүтээл бичихдээ хаанаас гарал үүсэлтэй болох эх сурвалжийг заавал шалган тогтоож, үзэж судлахыг маш хичээдэг байв. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд шамбалын тухай домог хэрхэн бий болсон, ямар учиртай юм,
Монголд яагаад их дэлгэрсэн учир шалтгааныг мэдэхээр судалгаа хийж ном гаргах бодолтой байсан. Энэ тухай өгүүлсэн хэдэн өгүүлэл бичсэн ч харамсалтай нь дуусгаж амжаагүй. Би аавын бүтээлийг судалдаг эрдэмтэн судлаачидтай холбоотой байдаг. Монголд ирэн очин тэдэнтэй хамтран ажиллаад арваад жил болж буй. Сүүлийн гурван жилд аавын нууц судрын цуглуулгаас “Төвд судрын гарчиг”, “Монгол судрын гарчиг”, “Ном цуглуулгын түүхэн тойм” гэсэн гурван ном гаргалаа. Би 2017 онд Санктпетербургт хадгалагдаж буй “Шар тууж” ном хэвлүүлсэн.
Мөн орос хэл дээр хөрвүүлэн тайлбартай гаргасан. Одоо таван эх хувилбар бий. Тэднийг нь харьцуулан судалж, нэгтгээд ном болгох бодол бий. Мөн Монголч эрдэмтэн Б.Я.Владиморцовын аавд бичиж байсан захидлуудыг хэвлүүлэх бодол бий. Монголын ахмад судлаачид намайг хүүхэд байхын үеийн минь Дулмаа нэрээр дууддаг. Одоо миний үеийн судлаачид надтай хамтран ажиллаж байна хэмээсэн юм.
Мөн ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн төвд судлалын салбарын эрхлэгч Д.Сумъяа энэ үеэр “Ц. Дамдинсүрэн гуайн зохиосон шинэ үсгээр монголчууд бичиг үсэг сурсны ачаар дэлхийтэй танилцсан. Үүнийг нь дэлхийн олон улс өндрөөр үнэлж, 1970 онд Монгол Улс бичиг үсэгтэй ард түмэн гэсэн алтан медаль хүртээсэн байдаг. Ленинградад суралцаж “Буурал ээж минь” найраглалаа бичиж байхдаа “Ээж минь намайг хүн болгож, энэ Ленинград хот намайг эрдэмтэн сэхээтэн болгож өгсөн юм” хэмээн өгүүлсэн байдаг. Мөн тэнд сурч байхдаа эх хэл, үндэснийхээ өв соёл, судар бичгээ хамгаалах эрдмийг оросын багш нар надад зааж өгсөн юм.
Түүнээс хойш үндэсний эх хэл, бичиг, өв соёлоо хамгаалж үлдэх өөрийн дэг сургуулийг бий болгож чадсан” гэж дурссан байдаг. Мөн хуучны өв соёлын бүтээл болоод эртний судар бичигт хэрхэн хандаж хадгалан, хамгаалах талаар саналаа хэлж, Намын төв хороонд тогтоол гаргуулж, илтгэл тавьсан байдаг. Олон жил энэ бодлоо тээж явсаар эртний төвд хэл, ном судар, бурхан шашин гэж ярьж болохгүй хаалттай үед 1981 онд ШУА-ын хэл зохиолын судар бичгийн хүрээлэнд Төвд судлалын тасаг нээсэн нь хуучин сурвалж бичиг болоод төвд хэлнээс бурхан шашны судар бичиг, ном зохиолуудад шинжлэх ухааны үндэслэлтэй хандах чиглэлийг тогтоож өгсөн. Энэ шинжлэх ухааны үндэслэлтэй хандах чиглэл нь одоо ч амжилттай хэрэгжиж байгаа” хэмээн онцлон өгүүлсэн юм.