Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ.
"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна.
"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.
№483 Jefferson Airplane, ‘White Rabbit’
Жефферсон Айрплэйн хамтлаг нь psychedelic rock урсгалын анхдагч хамтлагуудын нэг юм. Уг хамтлаг 1960-аад оны үед Америкийн гурван том рок наадамд гол хамтлагаар нэрлэгдэж байсан байна. Энэ нь 1967 онд Monterey, 1969 онд Woodstock, Altamont их наадмуудад гол хамтлагаар нэрлэгдэн тоглож байсан юм.
Жефферсон Айрплэйн хамтлагийг 1996 онд "Рок Н Роллын хүндэтгэлийн танхим"-д залсан байна.
"White Rabbit"
Жефферсон Айрплэйн хамтлагийн 1967 онд гаргасан "Surrealistic Pillow" цомгийн эхний сингл болох "White Rabbit" дуу нь уг хамтлагийг дэлхийд таниулсан дуу гэж хэлж болно. Энэхүү дуу нь "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу", "Биллбордын шилдэг 100" гэх мэт олон шилдэг жагсаалтуудад багтсан дуу юм. "White Rabbit" дууны зохиогч нь дуучин, дуу зохиогч, хөгжимчин, загвар өмсөгч Грейс Слик бөгөөд тэрээр 1966 оноос 1967 онуудад "The Great Society" хамтлагт байхдаа уг дуугаа зохиосон хэдий ч Жефферсон Айрплэйн хамтлагийн "Surrealistic Pillow" цомогт бичүүлсэн байдаг. Жефферсон Айрплэйн хамтлагийн өмнөх дуучин хүүхэд төрүүлж хамтлагаасаа гарсан ба оронд нь орж ирсэн Грейс Слик "Surrealistic Pillow" цомогт өөрийн зохиосон хоёр дуугаа бичүүлсэн нь хоёулаа супер хит болсон байдаг. Энэ нь "Somebody to Love" болон бидний өнөөдөр сонсох "White Rabbit" дуу юм. "Somebody to Love" дуу нь мөн л "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтанд багтдаг тул бид тун удахгүй уг дуутай танилцах болно.