УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай “Богд” банкны зээлийн талаар уулзаж ярилцлаа.
-ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Нийгэмд байж болохгүй үзэгдлийг УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд гаргаж байна. Ард түмний өрхийн болон бизнесийн орлого, өрхийн үйлдвэрлэлийг бий болгох Монгол Улсын төр, засгийн газраас баталж өгч байгаа ганцхан санхүүгийн их үүсвэр нь жижиг дунд үйлдвэрлэлийн зээл юм. Жилийн гурван хувийн хүүтэй, банкаар олгохоо болиод Хөдөө аж ахуйн яамны сангаас олгодог болсон зээл.
Харамсалтай нь Засгийн газрын хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж, огцруулахаар бидний хэдэн гишүүд тэмцэж байхад үүний эсрэг УИХ-аа бойкотолж, асуудал үүсгэж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэрлэл болон бусад сангуудаас зээл авсан байна.
Тэр байтугай хэвлэлийн хурал хийж байсан Л.Болд гишүүн өөрийн хувийн Богд банк руу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяалагддаг Хөгжлийн банкнаас 30.9 тэрбум хөрөнгийг шилжүүлжээ. Энэ бол бүгд ашиг сонирхлын тухай хуулийг зөрчсөн. Мэдээлэлд ойр байгаа, ард түмний авах ёстой хөрөнгийг дур мэдэн авч буй үйл ажиллагаа. Үүний эсрэг тууштай тэмцэнэ гэдэг байр суурьтай байна.
Хөгжлийн банк бол Засгийн газрын харьяа байгууллага. ЗГХЭГ-ын сайд, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн баримтлал, хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгагдсан төслүүдийг санхүүжүүлдэг банк юм. Гэтэл арилжааны банкинд хөрөнгө шилжүүлжээ. Богд-той ижилхэн жижиг банк олон байна. Арилжааны жижиг банкнуудаас илүү давуу боломжуудыг олгож байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлтэй ижилхэн үйлдлүүд УИХ-ын гишүүдээс гарч байна. Эдгээр хууль бус үйлдлээ хамгаалахын тулд улайран тэмцэж, ард түмэн лүү Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авахад уриалан дуудсан ажил нь УИХ-ын гишүүдийн ажил биш шүү дээ.
-Л.Болд гишүүн таны энэ ярьсан зүйлийг “гүтгэлэг” хэмээн ярьж байсан?
-Найман сая ам.доллар, ес гаруй тэрбум төгрөг нийтдээ 30.9 тэрбум төгрөг авсан. Тиймээс та бүхэн дахин энэ талаар лавлаж учир холбогдлыг нь асуусан нь зөв байх. Миний хувьд бол Хөгжлийн банк руу албан бичиг, хүсэлт өгсөн. Нууцын зэрэглэлтэй гээд өгөхгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Хөгжлийн банк бол УИХ-д ажлаа тайлагнах ёстой төрийн институт гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.