УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2019-01-11/ Ардчилсан намаас гаргасан УИХ-ыг тараах бичиг байршуулсан самбар дээр очиж гарын үсгээ зурлаа. Тэрээр УИХ-ыг тараах саналыг дэмжиж байгаагаа үүгээр илэрхийллээ.
Тэрбээр:
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн бланк дээр УИХ-ыг тараах санал гаргасан. Тэнд би бас гарын үсгээ зурсан байгаа. Ер нь бол сүүлийн үеийн улс төр гарцгүй байдалд орчихлоо. Ард иргэд улс төрчид, төр засагтаа итгэх итгэл алдарсан. Ийм учраас бид буцаад ард иргэд дээрээ очиж шүүлтүүрт орьё. Нэг хэсэг нь шударга үнэний туйл, нөгөө хэсэг нь хар барааны туйл болж харагдуулж байна. Гэтэл өөрсдөөс нь шударга юм огт харагдахгүй байна. Иргэдэд очих зээлийг өөрсдөө албан тушаалаа ашиглан хамаад авчихсан. Тэгсэн хирнээ талбай дээр гарч ард түмнийг турхираад, "МАНАН-ийн эсрэг тэмцэж байна" гэж яриад байх юм.
Сүүлийн үед "мафижсан төр" гэж ярьж эхэлсэн. Үнэхээр тийм юм байгаа юм бол өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нь юу хийж байсан юм бэ. Сая бас уул уурхайн компани дээр очоод тусгай ажиллагаа явууллаа. Үнэхээр татвараа авч чадахгүй байгаа юм бол Сангийн сайд нь юу хийж байсан юм. Тухайн сандал дээр суусан юм бол ажлаа хийгээд явах хэрэгтэй. Хэн чанга дуугарсан нь, хэн шударга дүр эсгэсэн нь ингээд попроод яваад байж болохгүй.
Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалд нэг талаасаа би сайн дүн тавимаар байна. Нийгмийн том алхам хийж байна. Энэ шинэчлэлийн үр дүн дээрээ тулгуурлаж ард түмэн дээрээ буцаж очоод дүнгээ тавиулья. УИХ таръя. Дахин сонгууль явуулья.
- Та бүхэн ард түмний итгэлийг хүлээж 65 суудал авчихаад өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрсэн нь юундаа байна вэ?
- Эрх мэдлийн төлөөх хагарал шүү дээ. Тогоон доторх асуудлаа нам дээрээ ярья, ард түмнийг битгий хамруулаач гэсэн. Тас гээд л хагарлаа. Төр цэвэр байна гэдэг нам цэвэр байна л гэсэн үг шүү дээ. Гэтэл намаа хагалж, улсаа хагалчихлаа. Намын тухай хуулиа өөрчлөх хэрэгтэй, дараа нь үндсэн хуулийн өөрчлөлт рүү орох ёстой. Ерөнхий сайдад таалагдахгүй байгаа бол намынхаа бага хурал дээр л ярьж, шийдэх ёстой. Бүлэг дээр байгаа зөвшилцөл дээрээ бид очих ёстой ш дээ.
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, мөн АН цуглуулж байгаа хоёр бланк байна. Ялгаатай юм уу?
- Би бол аль аль саналыг дэмжиж байгаа. Ер нь бол та нарын тавьж байгаа зорилго юу вэ гэж хоёр талаас асуусан л даа. Хүчээр ард түмэн больчихооч гээд байхад уурыг нь хүргэж, асуудлыг нь хулгайлаад байх юм уу. Тэрэнд орвол ард түмэн дээрээ буцаж очоод л дүнгээ тавиулъя гэсэн санаачлагыг би бол дэмжиж байна.
- ЖДҮХС-ийн зээлийн асуудал дээр ямар байр суурьтай байна?
- Би 2016 оны сонгуульд орохдоо ЖДҮ ярьж орсон. Би буцаж очихдоо нэг зам тавьсан, нэг байшин тавьсан гэж иргэд дээрээ очмооргүй байна. Амьжиргааг яаж дээшлүүлсэнээ л ярьж очих ёстой. Ажлын байр хир нэмсэн юм бэ, цалин хир нэмсэн юм бэ гэдгээрээ л дүнгээ тавиулах ёстой. Бүх эдийн засгийн боломжоо хүний төлөө зарцуулья гэсэн. Энэ чинь л ЖДҮ шүү дээ. Ядуурлын бууруулна. Нэг талаас төрийн бодлого явж нөгөө талаас ард түмний амьжиргааг дээшлүүлэх чинь нэг л уулзвар ш дээ.