Венесуэл улсад эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байгаа ч Ерөнхийлөгч Николас Мадуро хоёр удаа тангаргаа өргөж, төрийн эрхийг үргэлжлүүлэн барихаар болов.
Америкийн Засгийн газар Мадурог Венесуэлийн эдийн засгийг хэвтүүлж, хүмүүнлэгийн хямралыг авчирсан хэмээн буруутгаж “хууль бус түрэмгийлэгч” гэж зэмлэсээр байна.
Засгийн газрын дэмжлэгтэй Дээд шатны шүүх Мадурог дэмжиж сөрөг хүчний давамгайлсан Конгрессын танхимыг тангараг өргөх ёслолоос түдгэлзүүлсэн. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол симфони найрал хөгжимтэйгөөр, төрийн далбаа барьсан дэмжигчдийн алга ташилтан дор болж өнгөрсөн юм.
Автобусны жолоочоос улсын жолоодогч болж дэвшсэн Мадуро баяр хөөртэйгөөр тангаргаа өргөсөн ч Венесуэл дэх бодит дүр төрх ханшийн эрс уналт, хүнсний хомсдол, эм бэлдмэлийн дутагдал, олон сая дүрвэгсэд гэдгийг барууны хэвлэлүүд онцолж байна.
Хойд Америкаас гадна өмнөд Америкийн Перу, Парагвай зэрэг орнууд Венесуэлээс дипломат харилцаагаа таслахаар болсон. Энэ үед хоёр дахиа тангаргаа өргөхдөө Мадуро “нэг улс эсвэл хиймэл дагуул орнуудын тушаалыг дагахаас татгалзсан шинэ ертөнц гарч ирж байна. Тиймээс дэлхийн бусад улс орон, ард түмэн бидний хувьсгалын зэмлэлээ” гэжээ.
Дээд шатны шүүхийн дарга Майкель Морено Ерөнхийлөгч Конгрессын өмнө тангараг өргөөгүй учрыг 20 минут орчим тайлбарласан байна. Сөрөг хүчний удирдагчид Мадурагийн хоёр дахиа тангараг өргөснийг “шинэ дарангуйлагч гэдгээ олон улсад зарласан үйлдэл боллоо” гэж дүрсэллээ.
Николас Мадуро 2013 онд Уго Чавезыг таалал төгссөний дараа байрыг нь сэлгэсэн бөгөөд зургаан жил төрийн эрх барьж 2018 онд дахин сонгогдсон юм.
Эх сурвалж: www.reuters.com