Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө.
Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүнийг ЖДҮХС-аас хамаарал бүхий этгээддээ албан тушаалаа ашиглан зээл авч өгсөн байж магадгүй тул бүрэн эрхээс нь түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг УИХ-д тавиад байгаа билээ.
Энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороод хуралдаж нэр бүхий гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүйгээр мөрдөн шалгах ажиллагаагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн юм.
Тэгвэл ТББХ-ны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад 13 гишүүн дэмжээгүй бол УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж тус байнгын хорооны 11 гишүүн үзлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж байнгын хорооны 10 гишүүн үзлээ.
Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түпгэлзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн 10 нь дэмжихгүй гэсэн санал өглөө. Өөрөөр хэлбэл УИХ дахь ТББХ-ны хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхи нь ЖДҮХС-аас албан тушаалаа урвуулан зээл авсан гэх дөрвөн гишүүнээ хамгаалж үлдлээ.
Одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.