Тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг алдарт Burberry өнгөрсөн долдугаар сард ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан. Тус брэнд зарагдаагүй үлдсэн 37 сая долларын үнэтэй хувцаснуудаа шатааж устгасан юм. Компанийн зүгээс зарагдаагүй үлдээд удсан бараа бүтээгдэхүүнүүдээ дахин устгахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Тэгвэл тансаг чамин алдартай брэндийн үлдэгдэл хувцас, бүтээгдэхүүнүүдийг хаашаа зөөнө гэж та бодож байна? Компанийн удирдах албан тушаалтнууд үлдсэн бараа бүтээгдэхүүнүүдээ дахин ашиглах, засварлах болон дахин боловсруулах газруудад өгөхөөр болжээ.
Зарагдаагүй үлдсэн бараануудаа устгах нь зөвхөн Burberry-ийн өмнө тулгамдаад байгаа асуудал биш юм. Бусад брэндүүд ч мөн шатааж устгадаг гэсэн шүүмжлэлд өртөж ирсэн. Брэндүүд өнгө төрх, чанар, нэр хүндээ хадгалахын тулд ийм арга ашиглах нь бий. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед үнэтэй брэндүүд үлдэгдэл бүтээгдэхүүнүүдээ устгах нь алдагдалтай үйлдэл гэж зарим хүмүүс үзэж байна.
Эх сурвалж: www.qz.com