УДБЭТ-ын хамт олон сонгодог урлагт нэг сэтгэлээр зүтгэж, олон шилдэг уран бүтээлч төрүүлэн, дэлхийн урлагийн тавцанд Монголын нэрийг дуурсгаснаа өндрөөр үнэлүүлэн төрийн хүндэт шагнал Алтангадас одонгоор шинэ босгон дээр шагнагдсан билээ. Ийн Алтангадас одонт театрын хамт олон 2019 онд сонгодог урлагийн үзэгчдэд зориулан хоёр шинэ уран бүтээл толилуулахаас гадна томоохон ажлууд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар эхлүүлнэ. Энэ балет нь 1870 оны тавдугаар сарын 25-нд Францын Парис хотын “Гранд Опера” театрын тайзнаа анх удаа тоглогдож байжээ. Харин Монгол Улсад анх 1966 онд тавигдсан түүхтэй. Тус балет нь гурван бүлэг, таван үзэгдэлтэй. Уг балетыг УДБЭТ-ын тайзнаа анх Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, удирдаачаар нь Н.Намсрайжав, Ч.Жамсранжав, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, зураачаар нь Д.Сүхбаатар нар ажиллаж байжээ. УДБЭТ-ын тайзнаа ийн 53 дахь жилдээ тоглогдож байна.
Театрын хамт олон өчигдөр болсон Монголын зохиолчдын эвлэл"-ийн 90 жилийн ойн арга хэмжээг МЗЭ-тэй хамтран тайзнаа амжилттай зохион байгуулсан юм. Тус театр нь хөдөө орон нутгийн театр, чуулгын уран бүтээлчдэд, мэргэжлийн зөвөлгөө өгч, сургалт зохион байгуулан ажиллах зорилтынхоо хүрээнд Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрын Ц.Алтанцэцэг /МУГЖ/ Уран сайхны удирдагчтай 12 бүжигчдэд "мастер класс" явуулж мэргэжлийн туршлагаасаа хуваалцжээ.