Өнөөдөр төв талбайд жагссан жагсагчид УИХ-ын даргын өрөөнд орж шаардлага хүргүүлсэн. Тэдний дараа УИХ-ын ТГ-ын ЕНБД Ц.Цолмон хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр: "Сүхбаатарын талбайд нэр бүхий дөрвөн гишүүн жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа. Жагсагчдын төлөөлөл Төрийн ордонд УИХ-ын даргатай уулзахаар орж ирсэн. Уулзалтын үеэр болж өрнөсөн процессыг танилцуулахаар энэхүү мэдээллийг хийж байна.
14.30 минутад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан над руу залгаад "жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзах саналтай байна" гэсэн. Би хариуд нь “УИХ-ын гишүүд УИХ-ын даргатай уулзах эрх хэзээд нээлттэй” гэсэн. Тэгэхэд “Бид гишүүдээрээ ормооргүй байна жагсагчдын төлөөлөлтэй хамт ормоор байна” гэхээр нь оруулсан.
Ингээд уулзахдаа дөрвөн гишүүнээс гадна жагсагчдын төлөөлөлтэй хамт орж ирэх тухайгаа хэлсэн. Ингээд УИХ-ын дарга огцрох шаардлагын хариу болгож бэлдсэн гурван хуудас материалаа албан ёсоор хүлээлгэж өгөөд, яриа хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байсан. Гэтэл жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргын тайлбарыг хүлээж авсангүй.
Түүгээр ч зогсохгүй гишүүдтэй хамт орж ирсэн жагсагчдын төлөөллүүд УИХ-ын дарга руу дайрч, давшилсан зүйл боллоо. Энэ бол Төрийн ордонд мөрдөгддөг, тусгай хамгаалалтын хуулийг зөрсөн үйлдэл боллоо гэж дүгнэж байна" гэлээ.