Улс эх орныхоо төлөө сэтгэл зовнисон гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд МАНАН-г эсэргүүцсэн жагсагчидтай нэгдэж дуу хоолойгоо хүргэлээ. Гадаад орнуудад амьдарч байгаа монголчууд өөрсдийн арга замаар тайван жагсаал хийж Монголын улс төрд үүсээд буй нөхцөл байдлыг эсэргүүцсэн байна.
Хамгийн эхний жагсаал Швед улсын нийслэл Стокгольм хот дахь монголчуудаас эхэлжээ. Тэд Улсын их хурлын дарга М. Энхболдод хандаж үгээ хэлсэн байна.
Түүнчлэн АНУ-ын Чикаго хотод байдаг монголчууд тайван замаар жагсаж эх орныхоо ирээдүй, хойч үедээ сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Чикаго хотын жагсаалд бүх насныхан оролцсон бөгөөд Монголд жагсаж байгаа тайван жагсаалд нэгдээд зогсохгүй өлсгөлөн зарлана гэлээ.
Өнөөдрийн жагсаалд олон мянган бээрийн зайнаас нэгдэн оролцож, жагсагчидтай дуу хоолойгоо нийлүүлсэн иргэдийн нэгээхэн хэсэг Австрийн Линц хотод амьдардаг монголчууд байсан юм. Линц хотын жагсагчид Монголын цагаар нэгдүгээр сарын 10-ны өглөө, Австрийн цагаар нэгдүгээр сарын есний орой 19 цагийн үед жагсаал хийжээ.