Хятад бол дэлхийн томоохон зах зээлүүдийн нэг. Тэр дундаа автомашины хамгийн том зах зээлтэй орон. Сүүлийн 20 жилийн турш тасралтгүй өсч байсан Хятадын автомашины зах зээл өнгөрөгч онд анх удаа буурсан үзүүлэлттэй гарчээ.
2018 онд тус улсад автомашины борлуулалт худалдаа 22,7 сая нэгжээр буюу зургаан хувиар буурсан байна. Энэ мэдэгдлээс хэдхэн хоногийн өмнө Apple корпораци Хятад дахь iPhone гар утасны борлуулалт удааширсныг танилцуулж байсан.
Гадны автомашин үйлдвэрлэгч Ford, Volkswagen, Jaguar Land Rover болон General Motors компаниудын борлуулалт сүүлийн саруудад буурсан байна. Харин Geely компанийн борлуулалт хэвийн үргэлжилнэ гэж шинжээчид таамаглажээ.
Засгийн газрын хяналтанд ажилладаг Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос эдийн засаг удааширсан байдалд олон улсын харилцаа чухал нөлөө үзүүлж байна гэж үзлээ. Нэн ялангуяа Хятад-Америкийн худалдааны дайн хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байна гэлээ.
Тус холбооноос 2019 онд эдийн засгийн байдал нэг их өөрчлөгдөхгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Дизель, шатахуун хөдөлгүүртэй автомашины борлуулалт буурч, цахилгаан автомашины худалдаа нэмэгдэнэ гэж үзэж байна.
Ирэх жилүүдэд Засгийн газрын нэгж салбарууд дотооддоо үйлдвэрлэсэн автомашинуудын борлуулалтыг нэмэх бодлого баримталж ажиллана гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com