Цахим худалдааны сүлжээ Амазоны гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жеф Безос эхнэрээсээ салж 25 жилийн хамтын амьдралаа дуусгаж байгаагаа мэдэгдлээ.
Хос салахаар шийдсэн хамтын мэдэгдлээ Твиттер хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн байна. “Олон жилийн хайр, сорилтын эцэст бид салахаар шийдсэн. Гэхдээ гэр бүл, найз нөхдийн харилцаагаа хадгалж үлдэнэ” гэжээ.
Жеф Безосыг гэрлэж байхад Амазон цахим худалдааны сүлжээ байгуулагдаж 25 жилийн хугацаанд дэлхийн шилдэг фирм болж чадсан юм. Энэ жил 54 настай Безосын хөрөнгийг 137 тэрбум ам.доллар гэж Блүмбергийн тэрбумтнуудын жагсаалтад дурджээ.
Түүний эхнэр 48 настай МакКензи Безос зохиолч бөгөөд 2005 онд “Лютер Олбрайтын туршилт”, 2013 онд “Трапс” номуудаа гаргажээ.
Твиттер хуудсанд нийтэлсэн салах тухай хамтын мэдэгдэлдээ тэд “бид нэгнээ олсондоо тун азтай хүмүүс. Хамтдаа байсан жил бүр маш гайхалтай өнгөрсөн. Хэрэв 25 жилийн дараа салахаа мэдсэн бол бүгдийг дахин эхлэх байлаа. Ирээдүйд эцэг эх, найз нөхөд, хамтрагчдын хувиар аяллаа үргэлжлүүлнэ” гэж дурдсан байна.
1993 онд танилцаж, болзож эхлээд гуравхан сарын дараа сүй тавьж байжээ. Тэд 25 жил хамт амьдрахдаа гурван хүүтэй болж, нэг охин өргөж авсан юм.
Өнгөрсөн жил Жеф Безос, МакКензи Безос нарын “Day one Fund” хандивын сан орон гэргүй хүмүүст туслах, сургуулийн өмнөх боловсролын газар шинээр байгуулах зорилготой арга хэмжээ зохион байгуулж, хоёр тэрбум ам.доллар хандивласан юм.
Эх сурвалж: www.bbc.com