Гадаадын зарим хэвлэлүүдэд Засгийн газрын нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийн гаргасан хууль бус үйлдлүүдийг илчилснээр Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг гацаанд оруулаад байна гэж бичиж байна. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас бизнес эрхлэгчдэд өгөх ёстой зээл тусламжийг Засгийн эрх мэдэлтнүүд хувьдаа завшсан нь эдийн засгийг дордуулаад байгаа тухай дурдсан байна.
Монгол Улсад үүсээд буй нөхцөл байдал, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон улс төрийн дүр төрхийг Колумбын Их сургуулийн Зүүн Азийн түүх судлалын профессор Моррис Россаби өөрийн үзэл бодлоор тайлбарлажээ. Эрдэмтэн судлаач Моррис Россаби нь зүүн Ази, тэр дундаа Хятад, Монгол судлалаар мэргэшсэн бөгөөд Чингис, Хубилай хаад, Монголын эзэнт гүрний түүхийн талаар олон арван ном зохиол бичиж, редакторлосон. Монгол улсын Их сургуулиас хөдөлмөр бүтээлийг нь үнэлж хүндэт доктор цол олгожээ.
Россабийн тайлбарлаж байгаагаар авлига хээл хахуулиас болж эдийн засгийн байдал хүндэрч байна. Профессор Моррис Россабитай олон улсын хэрэг явдал, улс төрийн бодлогын шинжээч, мэдээллийн эх сурвалж “World Politics Review” /WPR/ ярилцсан юм.
WPR: Авлига хээл хахууль чухам яагаад Монголд тархаж, анхаарал татсан сэдэв болж байна вэ? Өнгөрсөн сард жагссан иргэдийг хэрхэн уриалан дуудав?
Профессор Россаби: 1990 оноос хойш хөрөнгөтний нийгэмд шилжих үед Монголд авлига хурдацтай өссөн. 13, 14 дүгээр зуунаас хойш 1921-1990 оны хооронд коммунист нийгэм оршин байхад энэ улсад хээл хахуулийн хэрэг маш бага хувьтай байсан. Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийн соёлд авлига, хээл хахууль төдийлөн дэлгэрээгүй ойлголт байсан юм. Гэсэн ч коммунист дэглэм нуран унасны дараа улс төр, бизнес, боловсрол, эрүүл мэндийн салбарт авлига авч өгөх нь эрс нэмэгдсэн.
Коммунист нийгэмд ор байгаагүй гэсэн үг биш. Гэхдээ хууль бус үйлдэл илэрсэн тохиолдолд шийтгэдэг байсан. Монгол шиг цөөхөн хүн амтай улсад ард иргэд нь том байшин, үнэтэй хувцас, тансаглал зэрэг үнэт зүйлээр өвчилсөн нь анхаарал татахуйц болоод аюултай болж ирсэн. Эрх баригчид хууль зөрчсөн буруу үйлдэлд шийтгэл оноох эрх мэдэлтэй ч байр суурин дээрээ баттай зогсож чадахаа больсон. Ял шийтгэл авахаас зугтсанаар авлига илүү өргөн хүрээг хамарсан.
Авлигын хэрэгт холбогдсон болон ял шийтгэлээс зугтах замаар гарч ирсэн эрх мэдэлтнүүд коммунизмын дараах үеийг өөрчилсөн. Жишээ нь, Намбарын Энхбаяр 2000-аад оны үед Монголын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албыг хашсан нэртэй улс төрч байсан ч 2012 онд авлигын хэрэгт буруутгагдсан. Гэвч нэг жил хоригдсоны дараа өршөөлөөр суллагдсан. Одоо тэр дахин улс төрд идэвхтэй зүтгэж, Монгол ардын хувьсгалт намын даргаар ажиллаж байна.
Өөр нэг жишээ бол Ерөнхий сайд асан Санжийн Баяр Монголын хамгийн том алт зэсийн уурхай Оюу Толгойг гадны компанид шилжүүлэх гэрээнд 2009 онд гарын үсэг зурахдаа авлига авсан хэрэгт удаа дараа буруутгагдсан. С.Баяр болон түүнтэй холбоотой албаны хүмүүсийг 2018 онд саатуулсан ч одоог хүртэл хуулийн дагуу зохих шатны арга хэмжээ аваагүй байна.
Саяхан болсон жагсаал бол монголчуудын анхны тэмцэл биш. 2005 онд монголчууд “Айвенхоу Майнз”-ын Ерөнхий захирал Америк-Канадын иргэн Роберт Фридландыг газар нутгийг нь түрээсэлж байгалийн баялгийг нь ухахыг эсэргүүцэж жагсаж байсан. Мөн 2008 онд Улаанбаатарт эрх баригчдын сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал асар их хэмжээний гарз хохирол, олон хүний амь насыг авсан мөргөлдөөнөөр үргэлжилж байсан удаатай. Хэдийгээр энэ мэтчилэн эсэргүүцэл үзүүлдэг ч тодорхой өөрчлөлт, шинэчлэлт гараагүй. Дараагийн жагсаал ч мөн үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй харагдаж байна.
WPR: Жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчдийн зээлийг эрх баригчид хувьдаа авсантай холбогдуулан Засгийн газар ямар арга хэмжээ авсан бол, цаашид олон нийтийн итгэлийг олохын тулд юу хийх хэрэгтэй вэ?
Профессор Россаби: Засгийн газрын алдааг ноцтой асуудал болгон тавьж, тулган шахах хэрэгтэй. Улсын их хурлын 21 гишүүн, Засгийн газрын танхимын хэд хэдэн сайд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас маш бага хүүтэй зээл авсан нь батлагдсан. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр 2016 онд зээл авсан 134 компанийн 124 нь Засгийн газрын эрх баригчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн эзэмшил болох нь тогтоогдсон. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайд эхнэрийнхээ эмнэлэгт зориулж 371,000 ам.долларын зээл авсан байсан. Гэтэл өөрсдийн хөдөлмөрөөр бизнес эрхлэх хүсэлтэй энгийн иргэдийн зээл авах хүсэлтийг учир битүүлгээр татгалзуулж байсан юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гэр бүл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан хэргээр ажлаа хүлээлгэж өгсөн, тус сангийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, нягтлан бодогч зэрэг таван хүн баривчлагдаад байхад Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх хэрэгт холбогдолгүй мэт харагдаж байна. Олон хууль тогтоогч Ерөнхий сайдыг буруугаа хүлээх хэрэгтэй гэж үзсэн. Гэсэн ч тэр өнгөрсөн 11 дүгээр сард Улсын их хуралд болсон санал хураалтаар Засгийн газрыг тэргүүлж үлдсэн. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ерөнхий сайдыг албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд Их хурлын зарим гишүүдтэй тохироо хийсэн гэж мэдээлсэн ч баримт нотолгоо гарч ирээгүй.
Засгийн газар иргэдийн итгэл үнэмшлийг эргүүлэн олж авахын тулд шийдэмгий гарц олж, тодорхой шинэчлэл хийх хэрэгтэй болж байна. Нэгдүгээрт, улс орон даяар газар авсан авлигын хэргийг тус улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид илрүүлснээс биш Засгийн газрын авлигатай тэмцэх ёстой эрх бүхий байгууллага илрүүлээгүй. Энэ бол боловсон хүчин, эх сурвалж, чадварлаг захиргааны албан тушаалтнууд дутагдаж байгаагийн илрэл юм. Хоёрдугаарт иргэдэд очих ёстой зээл тусламжийг хувьдаа авсан Засгийн газрын эрх мэдэлтнүүдийг хуулийн дагуу шүүхээр шалгах ёстой. Хэрэв гэм буруутай нь нотлогдвол жирийн иргэнтэй адил хариуцлага хүлээж, ял авах ёстой бол ялаа эдлэх хэрэгтэй. Эцэст нь ирээдүйд олон улсын тусламжийн сангууд ахлах улс төрчдийн оролцоотой тусгай агентлагаар хяналт тавиулах хэрэгтэй. Эдгээр алхмуудыг авч хэрэгжүүлэхгүйгээр Засгийн газар авлига, хээл хахуулийн тогтолцооноосоо салж чадахгүй.
Эх сурвалж: www.worldpoliticsreview.com