УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан үдээс хойш 15.00 цаг өнгөрөөж эхэлсэн ч дөнгөж сая тарлаа. Тус хуралдаанаар Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцсэн юм. Хуралдаанд нэр дурдагдсан дөрвөн гишүүнийг нэг нэгээр нь дуудаж, нэмэлт тайлбар авсан байна. УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа нар хуралдаанд оролцсон бол УИХ-ын гишүүн Г.Солтан ирээгүй юм.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, гишүүдэд нь Н.Энхболд, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нар багтдаг.
Тэд хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж:
Өчигдөр буюу 2019-01-08 ны 14:16 цагт улсын Ерөнхий прокуророос дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн. Сая дэд хорооны хуралдаан болж, Ерөнхий прокурорын саналыг сонссон. Нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн тайлбарыг сонссон. Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймагт томилолттой явж байгаа юм байна. Өчигдөр хоёр удаа, өнөөдөр нэг удаа УИХТГ-аас холбоо барьсан ч ирж амжаагүй. Иймээс дэд хорооны хурлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй. Маргааш Г.Солтан гишүүн ирж магадгүй. 48 цаг буюу ажлын хоёр өдрийн дотор хэлэлцэж шийдвэрлэх хуультай. Маргааш УИХ-ын гишүүн Г.Солтан ирчихвэл хурлыг үргэлжлүүлнэ. Гарцаагүй гишүүнээс нэмэлт тайлбар авах ёстой.
- 48 цаг өнгөрчихвөл яах вэ? Хууль зөрчсөн болох уу?
- Тэрийг би мэдэхгүй. Ямар ч байсан Г.Солтан гишүүнийг ирүүлэх шаардлагатай. Байхгүйд нь бүрэн эрхийн асуудлыг нь авч хэлэлцэх боломжгүй.