СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-09

ТББХ-ны хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг дэмжлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх байсан ч Халдашгүй байдлын дэд хороо, Хуульзүйн байнгын хороогоор дээрх асуудал ороогүй байгаа тул уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулъя гэсэн саналыг  тус Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гаргалаа.

Байнгын хороогоор хэлэлцсэн гол асуудал нь нэгдүгээр сарын 4-нд Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн гол агуулга нь УИХ-ын даргыг огцруулах таван тохиолдол бүрийг Үндсэн хуулиар заасан байдаг тул Үндсэн хуульд харшлахгүйгээр УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийддэг больё. Ингэхдээ албан тушаалаас нь огцруулах бус чөлөөлөх томьёоллийг 6 дахь заалт болгон нэмж байгаа юм.

Эцсийн шийдвэрийг энэ долоо хоногт хуралдах УИХ-ын чуулган гаргах юм.

ТББХ-ны хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан

зарим УИХ-ын гишүүн хууль санаачлагчаас асуулт асууж, саналаа хэлсэн

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Монгол Улс  Үндсэн хуульдаа парламентын засаглалтай улс орон гэж зааж өгсөн. Өнөөгийн үүсээд байгаа асуудалтай холбогдуулж Ерөнхийлөгч  уг хуулийн төслийг  оруулж ирлээ гэж ойлгож байгаа. Парламент дандаа нэг намын олонхи байхгүй л дээ. Цаашид  парламентыг бүрдүүлэх намуудын харьцаа нь мэдээж өөр өөр байна. Энэ тохиолдолд хуулийн төсөл хэр нийцэх вэ.  Хоёр жилийн өмнөөс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудал яригдаж ажлын хэсэг хүртэл байгуулагдсан. Уг хуулийн төсөл батлагдлаа гэхэд Үндсэн хуулийн заалттай нийцэж байгаа юу?

ЕТГ-ын дарга З.Энхболд: Үндсэн хуультай бүрэн нийцэж байгаа. Хэрэв парламентийн үйл ажиллагаа ингэж гацаагүй байсан бол Ерөнхийлөгч энэ хуулийг санаачлахгүй байсан. Ж.Мөнхбат гишүүн дарлааны тухай хөндөж байна. Харин ч дархлаагүй байгууллага нь Засгийн газар болчихсон шүү.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү: 

-Өмнөх дөрвөн жил, сүүлийн хоёр жилд бид зодолдлоо. Парламентын даргаас болж одоо зодоон хоёр дахин ихэснэ шүү. Нэг хүнийг сольчихвол болчихно гэсэн улс төр байж болохгүй. Утаа, агаарын бохирдлоо бид ярихгүй байна. Нэг нэгийгээ гүтгэж доромжилж, үнэн худлыг нь мэдэхгүй зүйлээр дайрч байна. Хүнийг гүтгэх болохоор шүүх хамаагүй болчихдог. 2020 оноос хойш парламент байх юм уу, байхгүй юм уу.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Сүүлийн үед над руу илтээр дайрч байгаа. Бүр гэр бүл рүү маань хүртэл орж байна. Төрийн ажил хуулийн хүрээнд явагдах ёстой  гэж би хувьдаа боддог. Энэ бүх яригдаж байгаа асуудлын үнэн худал нь тогтоогдож олон нийтэд бодитой мэдээллийг өгөх цаг нь ирэх байх. Идүүлсэн бут ургадаг гэж үг бий. УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардаж гарын үсгээ өгсөн. Би хууль зүйн хувьд үндэслэлтэй эсэхийг нягталж өгөөч гэж Төрийн байгуулалтын хороонд шилжүүлсэн.  Төрийн байгуулалтын хороо энэ асуудлыг УИХ-ын даргыг огцруулдаг таван үндэслэлд нийцэхгүй байна. Хуульд нийцэхгүй асуудал учраас байнгын хороогоор хэлэлцэхгүй гэсэн.  Хууль хяналтын байгууллагуудын  үйл ажиллагааг хэвийн явуулах ёстой гэж би боддог. Гэвч сүүлийн үед бүх хууль хяналтын байгууллагыг нэг хүн удирдаж байгаа мэтээр ор үндэслэлгүй  ярих болсон. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэн нэгэн албан тушаалтнаас хараат бус, үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдах ёстой. Аль нэг хуулийн байгууллагын даргыг би санаачилж санал болгож томилуулсан асуудал байхгүй. Уул уурхайн салбарын талаар хөндөж ярилаа. Би 2007 онд УИХ-д ДНБ-ний таваас дээш хувийн орлогыг олж болох хэмжээний 49 орд газрыг стратегийн орд болгоё гэж өргөн барьж байсан. Харамсалтай нь тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдорж байсан. 15 ордыг нь баталж бусдыг нь стратегийн орд болгохгүй гэсэн. Тухайн үед Асгатын ордыг ч гэсэн би өргөн барьж байсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар би хоёр удаа ажлын хэсэг байгуулж байсан. Жагсаал цуглаан хийж яваад байгаа Л.Болд гишүүнд хүртэл би "Бодь цамхаг" баригдсан газрыг өгч байсан. Газар зарсан асуудал надад байхгүй. Тэрийгээ цагдаа, тагнуулаар шалгуул. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд би ажлаа хийсэн.
 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.