Та аяллаа сонирхолтой болгохын тулд амтлаг шоколад, хачиртай талх, нарийн боов цүнхэлж онгоцондоо сууж байсан байх. Гэвч нислэг эхэлж аяллын богцоо задлахад хүлээж байсан шиг сайхан амттай санагддаггүй болохыг анзаарч байсан уу?
Зөвхөн танд ч биш, тантай хамт онгоцонд нисч буй бүх хүмүүст тэгж санагддаг болохыг хүнсний технологийн доктор, Аполло сарны аялалд зориулсан хоол хүнсийг бэлтгэсэн Хэрбэрт Стөүн тайлбарлажээ.
Бид хүйтэн хоол идэхэд тийм ч таатай санагддаггүй. Үүнтэй адил агаарын урсгалд орж, онгоцны бүхээгт хүчилтөрөгчийн даралт унах үед зорчигчдын амтлах, үнэрлэх чадвар буурдаг байна. Тодруулбал байнгын хуурай агаарт хүний хамар жирийн үеийнхээс 12 хувиар сул үнэртдэг ажээ. Харин эсрэгээрээ далайн түвшинд очиход мэдрэмж нэмэгдэж, яг ижил хоол хүнс илүү амтлаг болдог байна.
Нислэгийн үеэр хоол хүнсэнд агуулагддаг давсны амт 20-30 хувиар, элсэн чихэр 15-20 хувиар буурдаг болохыг Германы судлаачид олж мэдсэн байдаг. Мөн жимс чихэрний анхилуун үнэр, хүчиллэг үнэрүүд төдийлөн ялгарч үнэртдэггүй болохыг тогтоожээ.
Мексикийн нислэгийн компанийн дэд Ерөнхийлөгч Антонио Фернандез агаарт хөөрөх үед хүний бие мэдрэмжээ 70 хувиар алддаг гэсэн байна.
Нислэгийн үеийн хоол хүнс бэлддэг ахлах тогооч нар зарим төрлийн амт өндөрт илүү дээр амтагддаг гэжээ. Тухайлбал халуун ногоо, карри, шинэхэн жимс, цитроны төрлийн амт агуулсан далайн бүтээгдэхүүн, мөөг, хатуу бяслаг, мах орлуулагч зэрэг амтаа хадгалдаг байна.
Эх сурвалж: www.cnn.com