СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИ БАГАДАА: Хөдөлмөрийн баатар, АУЗ Бавуугийн ЛХАГВАСҮРЭН

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгээ бид хөдөөлүүлээд удаагүй байна. Түүний бичсэн бүхэн бидэнд соёлын өв болж үлдэхээс гадна, хувь хүн талаасаа ямар бодгаль байсан нь үеийн үед домог болон яригдаж байх учиртай. Иймд та бүхэндээ бага насныхаа тухай ярьсан эгэлгүй түүхийг нь нэхэн сануулъя гэж шийдлээ. Хүлээн авна уу.  

 

БЭЛЭГ НЬ ЭРГЭДЭГ

ЦАГААН САР ДОТОР ӨССӨН

Юм бүхэнд л хүрэхсэн гэж яарах. Сайхан хувцас өмсөх, шинэ дуу сурах, шүлэг бичиж, зураг зурах... ер юу эсийг мөрөөдөх вэ. Хүсэн тэмүүлсэн гэгээн цэлмэг зөн мөрөөдөл, зүүдэнд ирсэн хун шувуудтай хамт нисэх ч шиг. Хүүхэд нас аа гэж. Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Бавуугийн ЛХАГВАСҮРЭН “Надад бага нас байгаагүй” гэсэн шүлэг бичсэн байх юм. 

...Хэрсүү хоёр хайрын уулын дунд

Хэлэх хөдлөхөө хүртэл битүү цэнэж

Зодуулах ах, шоглох дүүгүй орь ганц

Зоргоороо атлаа ижлээр дутаж өссөн болохоор

Надад бага нас байгаагүй... гэж ирээд л. Гэхдээ би түүнд бага нас байлгасан л юм даа. “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам” кино, “Тамгагүй төр”, “Хүйтэн сэнтий” драмын жүжиг, “Нарны домог”, “Нарны мөргөл” бүжгэн жүжиг, “Уянгын тойрог”, “Цагаан тэнхлэг”, “Ангир уураг”, “Гашуун өвс”, “Зовсон сүү”, “Зовсон сүү”, “Хүнд манан” яруу найргийн ном бичсэн тэрбээр хүүхэд насаа ийн дурсах авай.  

 

Ганцаараа эдэлсэн бага нас

- гэж.

Тэр их талын дунд Бөтөөрий гэж зүрх шиг цохисон жижигхэн хар уул харагдах. Түүний ар дагзан дээр эхээс унасан хүн. Тал минь миний ааш араншинд нэг их оролцоогүй юм болов уу даа.

Бага нас минь бусадтай адил мөртлөө ганцаараа эдэлсэн бага нас байсан юм шиг ээ. Яагаад гэвэл би хүний ганц хүү. Миний эмээ Нацагням гэж хөгшин байв. Түүний ижий нь Тогооч. Их өндөр настай хүн байсан. Би эмээгийнхээ ээж дээр өссөн. Ээж минь айлын том нь болохоор эмээ айл болж гарахдаа  ээжийг өөрийнхөө ээж дээр орхисон юм билээ. Тэгээд ээж намайг өөрийнхөө эмээ дээр өсгөсөн хэрэг.

Гурван нас хүртлээ би Өнжүүлд байсан. Өөрөөр хэлбэл, Өнжүүлийн цэцэг, чулуун дунд өвдгөө шороодож боссон. Тэгээд аавынхаа ажил албаны аясыг дагаж нутгаасаа жаахандаа “төөрсөн”. Аав аймгийн төвд ажиллах болсноор Зуунмод руу нүүсэн юм. Манайх томоо янхийсан сархинаг тоонотой гэртэй. Аймгийн төвд тийм  том гэртэй айл тэр үед л лав байгаагүй.

Ижийн ах хараагүй хүн манайд байх. Би тэр ахыгаа хөтлөөд Зуунмодны амыг уруудаж, өгсдөг байлаа. Хөөрхий минь төрөлхийн сохор биш. Цэргээс дөнгөж халагдаж байгаа хүүхдүүдэд янз бүрийн газраас л морь өгсөн аж. Харин манай ахад нэг гүү таарч. Гүүгээ унаад нутгаадаа явж. Морьтой олон залуус дарвиад ухасхийгээ л биз. Тэгтэл гүү нь бүдрээд уначихсан гэдэг. Гэртээ ирснээс хойш гурав хоноод л сохорчихсон гэж ярьдаг байв. Ах минь чулуу түүж алгандаа шажигнуулаад л, намайг тогло гээд өгөх. Өрөвдмөөр. Долоон настай байхад минь залуугаараа өнгөрсөн дөө, зайлуул. 33-хан настайдаа.

Багад үзсэн зовлон сэтгэлд үргэлж хадаатай байдаг. Хүнийг өрөвдөмтгий болсон минь түүнээс ч болсон биз.

 

Сургуульд орохын өмнөхөн даахийг минь үргээсэн

-Олон том хүний дунд өссөн болохоор тэр бүр хүүхдүүдтэй нийлээд байдаггүй, ер нь жаахан хувиа бодсон, харамчдуу хүүхэд байлаа. Ганц хүүхдийнхээ юмыг үрдэггүй, хаядаггүй юм байна. Намайг угаасан хонины шаант, баривч, багын даахь бүгд байгаа. Нандигнан хадгалдаг байж.

Найман настай нэгдүгээр ангид орохын өмнөхөн даахийг минь үргээсэн юмдаг. Нэг их гэзэгтэй, буруу энгэртэй дээлтэй хөгийн л юм явдаг байв. Даахь үргээхэд ардын ерөөлч Н.Тэрбиш гуай ирсэн. Манай аавын найз нь. Аавыг Өнжүүл сумын дарга байхад тэр сумын зарлага байсан юм гэнэ лээ. Галч ч хийж байж.  Хоорондоо нас ойролцоо болохоор бие биеэрээ их тоглоно. 

Хонгор гэзгээ

Хойш нь унжуулаад… гээд намайг ерөөж байсныг нь аав, ээж сүүлд ярьдаг сан. Би боддогийм. Тийм их бэлгэтэй сайхан хүн аман найргаар аравнайлсан болохоор би яруу найрагч болсон байх гэж. Түүнээс биш юу ч байх байсан юм билээ. Юмны учир, зөн совин, бэлгэ дэмбэрэл оргүй эд биш.

 

Наадмаар хүүгээ алдчих шахлаа

-Аймгийн төвд  сургуульд орсон ч намайг нэгдүгээр анги төгсүүт манайх Лүн сум руу нүүсэн юм. Аав сум дундын шүүхийн даргаар тэнд очсон л доо. Хоёр жилийн дараа сум, нэгдлийн дарга болсон. Хичээл номдоо сайн сурагч байсаан. Аав ээж хоёр аймаг, хот руу явчихна, заримдаа. Тэгэхэд нь би буурай эмээтэйгээ л үлдэх.

Орой болохоор эмээ  “Жадамба” гэдэг судар бариулаад гэрээ тойрч гороолоод ир гээд гүйлгэчихнэ. Гэрийн баруун талд явахад “Миний хүү хаа явна” гэх. Хоймрын алдад, бас хатавчин тушаа очиход ч дуудна. Гэрээсээ чимээлээд л. Би ч тойрч давхиж, давхиж байгаад ядарсан амьтан орж ирээд л унтаад өгнө. Энэ нь ч  сүүлд хүү Хасартаа зориулж

“Уянгын тойрог” гэж шүлэг бичихэд араг яс нь болж сэтгэлд буусан даа.

Хонь мал гаргахад айлд гэдэс, зайдас хүргэж өгөхөөс эхлээд надад ажил мундахгүй. Би ер нь айл хэсэх дургүй, хүн юм өгөхөөр нь барьж сууж байгаад галынх нь дэргэд тавьчихаад гараад явчихдаг, тэгээд загнуулдаг хүүхэд байлаа.

Хоёрдугаар ангид байхдаа ижийтэйгээ сумын наадам үзэж билээ. Би хүүхдүүдтэй тоглоод алга болчихоо л биз. Орой ирсэн хойно ижий “Өнөөдөр сумын наадам дээр хүүгээ алдчих шахлаа. Төөрөөд” гэж байсан сан. Сумын наадам хүн төөрөхөөр нүсэр болдоггүй шүү дээ.

 

Тавдугаар ангидаа хэдэн шүлэг хэвлүүлсэн

-Лүнгийн сургуулиас, манай нөгөө болон доод ангиас долоон гавьяат төрсөн дөө. Би уртын харайлт, гүйх мэтэд хоосонгүй. Янз бүрийн дугуйлан сургууль дээр хичээллэнэ. Тэр болгонд оролцоно.

Тавдугаар ангид байхад юмдаг. Аймгийн “Туул” сэтгүүлд хэдэн шүлэг минь хэвлэгдэж байв. “Хоолонд”, “Сонгино”, “Дотуур байранд”, “Оргил” гээд хөгийн юмнууд байдаг юм. Шүлэг гэж хэлэхэд хэцүү. Тэр шүлгүүдийн гар ноорог нь одоо надад байдаг л юм.

.

Манай сургууль дээр шүлэг бичдэг багш хоёр, гурав байх. Лувсанжамбаа багшаа дуурайн зурна. Зургийн хичээлд их сайн байсан. Уран зохиол, математикт бас гайгүй. Лувсандорж багш их олон номтой. Түүхийг их гоё заана. Тэр номонд нь археологийн олдворын тухай их байх. Түүнд нь уруу татагдаад археологич болох юмсан гэж мөрөөддөг байлаа.

Ер нь бүх юмны ул суурийг хангалттай тавьж өгч чаддаг байсан багш нараараа би бахархах дуртай. Цэдэндамбаа, Эрдэнэжав, Дамдинжав гээд.

 

Цаасан гинж наахаас шинэ жил эхэлнэ

-Намайг долдугаар анги төгссөн зун юмдаг. Ээж тэрүүхэндээ пөг пөг хийтэл инээгээд байна. Яасныг нь асуутал “Агваандорж овоон дээр гараад гутлаа тайлж, ороолтоо сэврээх гэтэл морь нь үргээд явчихаж. Тэгээд явган ирж гэнэ” гэдэг байгаа.

Тэр хүн манай тэндээ л шивэртэйгээрээ алдартай хүн байсан юм. Тэгээд .

Туулын хөвөөнд үдээр шиг хөх юм л зуныг барна шүү дээ. Артелийн гуанзнаас хуушуур авч иднэ, алгын чинээ загас барина. Ерөөсөө л голын зах дээр. Гол амьдрал гол байв. Одоо энэ гавьяат жүжигчин Мягмарнаран, Идэрбат эд нартай.

Өвөл нь мөсөн дээр гулгана. Хөдөөгийн сургуулийн багш нар бүгд соён гэгээрүүлэгчид. Гулгана, тэшнэ. Хичээлээсээ гадуур өөрсдийгөө дуурайлгаад биднийг  хүн болгодог байв. Би өршөөлт Туулын хөвөөнд л хүн болсон доо. Гэхдээ үеийнхнээ бодвол бие бялдар тийм ч чанга байгаагүй. Жаахан улцгардуу хүүхэд байсан байх. Мөрөөрөө гэлдрээд л, юм ажиглаад л явдаг байв. Өмөөрөх ах эгч байхгүй болохоор өөрийгөө хамгаалах аргад суралцаж зодоон ч хийж  сурсан. Хөдөө гадаа нэг их явахгүй ээ. Сумын төв бараадаад л. Суурин иргэншлийн бүтээгдэхүүн юм уу даа.

Шинэ жил, майн баяр, цагаан сар. Тэр үеийн шинэ жил их амттай болдог байв. Одоогийнх шиг юм болгон нь элбэг дэлбэг биш ч гэсэн. Цаасан гинж хийнэ. Түүнийгээ наана. Цаасан гинж нааж эхлэхээс л миний шинэ жил эхэлдэг байлаа.

Цагаан сараар айлууд бэлэгт боов, чихэр, дэвтэр харандаа өгнө. Заримдаа манай ээжийн хүүхдүүдэд өгсөн боовыг айл хэсч яваад буцаагаад өвөртлөөд ирдэг л байв. Бэлэг нь эргэдэг цагаан сар дотор л өссөн дөө.

 

Аварга Ж.Мөнхбат охидод захиа бичүүлээд л…

-Намайг зараа гэж хочилдог байлаа. Би аймгийн төвөөс очсон болохоор хэрдээ л боловсон. Саарал пальтотой.  Түүнийг хараад л тэгж нэрлэсэн юм байгаа биз.

Даргын хүүхэд болохоор хангамж л арай илүү байсан юм болов уу даа. . Борц хээр аваачиж чанаж иднэ. Лаазанд чанаад л цохичихно шүү дээ.

Одоо энэ дархан аварга Ж.Мөнхбат  тавдугаар ангидаа  Эрдэнэсантаас нэг том шар дээлтэй хүүхэд ирж байв. Надаас гурван анги ах.. “Авсаан” л гэх. Тэгсэн хэрнээ охидоос захианыхаа хариуг  авдаггүй л байсан байх аа даа.

Би долдугаар ангиа сурлага сайтай төгссөн болохоор Худалдааны техникумд орсон доо...

Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

“БИ БАГАДАА” (төгсөшгүй цуврал-2) номоос

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.