Дөнгөж сая УПЕГ-аас ЖДҮХС-тай нэр холбогдсон УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьжээ.
Эдгээр гишүүд нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд нар бөгөөд тэднийг ЖДҮ-г хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компани, хуулийн этгээдэд их хэмжээний зээл авч өгсөн, ингэхдээ албан тушаал, эрх мэдлээ ашигласан байж болзошгүй гэж үзэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт ийнхүү гаргаж байгаа бололтой.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн 100 хувийн эзэмшлийн "Доктор МЭИК" ХХК-д ЖДҮХС-аас 700 сая төгрөгийн зээл,
УИХ-ын гишүүн Г.Солтан мөн өөрийн үүсгэн байгуулсан “Монгол шаазан” ХХК-д ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл,
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сапфир стоун” ХХК-д ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн,
УИХ-ын гишүүн Л.Энхболд төрсөн охин Э.Мандухайн нэр дээр байгуулсан “Мийт экспорт интернэйшнэл” ХХК-д ЖДҮХС-аас 1,3 тэрбумын зээл авсан юм.
Ерөнхий прокурорын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэж, шийдвэр гаргах хуультай. Дөнгөж сая авсан албан бус мэдээллээр УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо яаралтай хуралдахаар зарлагдсан ч ирц бүрдээгүй, мөн дөрвөн гишүүний материалтай гишүүд бүрэн танилцаагүй гэсэн үндэслэлээр маргааш болтол хойшлуулжээ.