Нийслэлийн цагдаагийн ерөнхий газраас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэхүү арга хэмжээ нь хулгайн гэмт хэрэг болон бусад гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх талаар цагдаагийн алба хаагчид мэдэгдэл хийв.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бүрэнбаатар
“Монгол Улсад гарч буй гэмт хэргийн 40 хувь нь хулгайн гэмт хэрэг байдаг. Нийт хулгайн гэмт хэргийн 77 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдэж байна. Нийслэлийн хэмжээнд 17000 хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тиймээс "Сар шинэ” арга хэмжээний хүрээнд аж ахуй нэгж, томоохон зах худалдааны төвүүдийн харуул хамгаалалт, хяналтын ажиллагаа зэргийг сайжруулах шаардлагыг тавьж байна. Мөн баярын өдрүүдээр иргэд сонор сэрэмжтэй байж хулгай, залилингийн хэргээс болгоомжлохыг анхааруулж байна. Мөн өнгөрөгч долоо хоногт цагдаагийн албан хаагчид "Үлэг гүрвэлийн яс зарна" гэсэн мэдээллийн дагуу хоёр этгээдийг шалгахад 80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн олдворыг бусдад зарах гэж байсныг тогтоон шалгаж эхэлсэн байна" гэв.
Цагдаагийн ерөнхий газрын дэд хурандаа Г.Бөхчулуун
“Мал хулгайлах гэмт хэрэг бол махны үнэ ханш болон улирлын шинж чанартай байдаг. Үүнээс шалтгаалан хөдөө орон нутгаас малын хулгайн тоо, үйлдлийн давтамж нэмэгддэг. Одоогоор 1100 малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн. Өмнөх оноос арав орчим хувиар өссөн мэдээлэл байна. Уг гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүд бол ихэвчлэн малчин, тэдний үр хүүхэд гэх мэт 18-40 насны хүмүүс байдаг. Гэмт хэргийн илрүүлэлт нь 32 хувьтай байгаа. Хулгайлсан малаа нядалж хүнс болгон зарах үйлдлийг хийдэг. Тиймээс томоохон худалдааны газруудад хяналт шалгалт тавьж ажиллаж байгаа” гэв.
Д.Болор-Эрдэнэ