Өнгөрсөн амралтын өдрүүдэд Альпийн нуруунд цас ихээр орж хэд хэдэн том хэмжээний нуралт үүссэн байна. Австри, Герман, Итали улсуудад цасны нурангинаас болж нийт долоон хүн амиа алджээ.
Австрийн Ворарльбэрг уулархаг бүсэд Германы хоёр цаначин, Салцбургийн ойролцоо нэг цаначин амь эрсэдсэн байна. Мөн Герман улсын Бавариа мужид мод унаснаас болж нэг цаначин, цасны нурангинд дарагдаж залуу бүсгүй амиа алдсан болохыг мэдээлжээ.
Харин Итали дахь Альпийн нурууны салбарт хоёр уулчин амиа алдсан байсныг аврагчид олжээ. Уулчид Кристалльера уулын 2,800 метр өндөрт байжээ. Аврагчид амиа алдсан уулчдаас гадна сураггүй болсон хүмүүсийг эрж хайх ажлыг үргэлжлүүлж байна.
Холбогдох албаны хүмүүс Альпийн нуруунд авирч, гулгаж байгаа уулчид, цаначдыг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Уулын замуудыг хааж иргэд цасны нурангинд амиа алдахаас сэргийлж байна.
Их хэмжээний цас орсноос болж Германы Бавариа мужид сургуулиудыг түр хааж, галт тэрэгний үйлчилгээг түр зогсоожээ. Энэ долоо хоногт хуртунадас үргэлжлүүлэн орох төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулж байна.
Эх сурвалж: www.bbc.com