МИАТ компани үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, цаашлаад хүүхэд залууст нисэхийн салбарын талаар зөв ойлголт өгч, ирээдүйд мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор MIAT EXCURSION аяллын хөтөлбөр зохион байгуулав. Энэ аялалд цэцэрлэг, сургууль болон албан байгууллагын хамт олон ч хамрагдах боломжтой. Уг аялалд хамрагдсан анхны зочид нь хэвлэл мэдээлэлийнхэн. МИАТ аяллын хүрээнд хүмүүс тус компанийн төв байр, сургалтын төв, салбарын музей, Олон улсын зорчигч үйлчилгээний төв, сургалтын онгоц, агаарын хөлгийн засварын үйлчилгээний газартай танилцах юм.
МИАТ-ын хувьд 2018 он ноогдол ашиг, нийгмийн даатгал, шимтгэл төлөлт гээд 30 тэрбум төгрөгийн ашиг орлого оруулсан ажлын бүтээмж өндөртэй жил байв. Компанийн хувьд зорчигчийн тоог 10 хувиар өсгөхөөр тооцоолж, 2294 удаагийн аялал хийн, 717.000 зорчигч тээвэрлэсэн байна. Өнгөрсөн 11 сараас эхлэн Online check-in буюу зорчигч өөрийгөө бүртгэх цахим бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь үйлчилгээний ачааллыг бууруулжээ. Агаарын тээвэр хамгийн найдвартай тээврийн хэрэгсэл байх ёстой хэмээн үзэж 2012 онд хийгдсэн гэрээний дагуу 2019 онд хамгийн сүүлийн үеийн загвартай “Боинг-737 МАХ-8” хоёр шинэ онгоц түрээслэн, 760,000 зорчигч тээвэрлэх зорилго тавьжээ. Эхний онгоцоо энэ сарын 27-нд, нөгөөг нь ирэх тавдугаар сард хүлээж авах гэнэ. Мөн энэ онд нислэгийн шинэ чиглэл нээн БНХАУ-ын Гуанжоу, Шанхай хот руу нислэг хийх бол Японы Осака хот руу нисэх чиглэлээ буцаан сэргээх аж. Ийн гадаадын гурван чиглэлд, дотоодын 11 чиглэлд нислэг хийж, шинэ онгоцуудаа авангуутаа зөрүүлээд хуучин онгоцоо түрээслэгчид нь буцаан өгч, Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудал руу ирэх долдугаар сард нүүх нь ээ.
Хөтөлбөрт аяллын үеэр МИАТ компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр “Нислэгийн шинэ чиглэл, аяллын тоо, зорчигчийн тоо нэмэгдэх тул зардал, түрээс нь өмнөх хуучин онгоцыг бодвол тодорхой хэмжээгээр өснө. Өсөхөөр ч төлөвлөлтөө хийсэн тул өсч тэлж байж бид зах зээлд өрсөлдөнө гэсэн хэтийн зорилго тавьсан. Онгоцны шатахууныг гадаад, дотоодоос хэрэглэдэг. 2018 оны төлөвлөгөөгөөр 13.700 тонн шатахуун дотоодоосоо цэнэглэх байсан бол 17.000 тонныг авсан. Энэ нь нийт авсан шатахууны 30 хувь нь, үлдсэн 70 хувийг нь гадаадаас цэнэглэдэг. Шатахууны зардал компанийн нийт зардлын 23-25 хувийг эзэлдэг. Төгрөгийн ханш, түүхий эдийн үнээс хамаараад шатахууны зардал төлөвлөснөөс өсөх, буурах хэлбэлзэлтэй” хэмээн өгүүлсэн.
МИАТ 2006 оноос хойш зургаан удаа IOSA аудит шалгалтад 100 хувийн амжилттай шалгагдсан бол энэ оны долдугаар сард долоо дахь удаагаа аюулгүй ажиллагааны хөндлөнгийн аудитоор шалгуулах аж. Энэ нь хоёр жил тутамд хийгддэг шалгалт. Тэгэхээр тус компани аюулгүй ажиллагааны шаардлага хангах бүх ажлыг хийн гүйцэтгэж буй.
МИАТ аяллын хамгийн сонирхол татсан нэг зүйл бол ИНЕГ-ын харьяа Нисэхийн түүхийн музей байв. Музей нь 1995 онд Нисэх хүчний 70 жилийн ойгоор байгуулагджээ. 1934 онд анхны гадаад дахь аэрофлотын төлөөлөгчийн газар уг музейн барилга баригдаж, нисэхийн бүхий л алба байгууллагуудын үүргийг гүйцэтгэсээр иржээ. 1995 онд анхныхаа аэрофлотыг музей болгон тохижуулахаар шийдсэн аж. ИНЕГ-ын харьяа Нисэхийн түүхийн музейн мэргэжилтнүүд 23 жилийн түүхтэй уг музейг ажиллуулж буй. МИАТ компани музейн 60 жилийн түүхээр шинэ самбар булан нээсний хамгийн анхны үзэгч нь сэтгүүлчид. Музей 25 жилийн түүхтэй ч 1925 оноос хойших 93 жилийн түүхийг харуулснаараа онцлог байв.
Монголын анхны нисгэгчдийг 1928 онд ОХУ-ын Оренбург хотод сургаснаас гурав нь нисгэгч, гурав нь техникчээр бэлтгэгдсэн байна. Тэд 1932 онд сургуулиа амжилттай дүүргээд эх орондоо ирж байжээ. Энэ тухай Нисэхийн түүхийн музейн эрхлэгч Н.Байгальмаа “Тэднээс Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн нар эх орны дархан хил рүү өнгөлзсөн харийн түрэмгийлэгчдийн өдөөн хатгалгыг дарж, дайсны онгоцыг устган, амьд хэл олзлон, өөрсдөө шархдсан ч баригдалгүй ирсэн байдаг. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн 1936 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Дамчаагийн Дэмбэрэлд “Агаарын зоригт баатар ”, Чоймболын Шагдарсүрэнд "Эрхэм нисгэгч" цол олгосон. Монголын анхны алдарт нисгэгчдийн эх орондоо байгуулсан гавьяа өнөөгийн нисгэгчдийн үлгэр дуурайл, бахархал нь болсон” хэмээв.
Бидний аялал цааш үргэлжилж агаарын хөлгийн бүхээгийн үйл ажиллагаатай танилцлаа. БҮАХ-ын агаарын хөлгийн үйлчлэгч нарын давтан сургалтыг жилд хоёр удаа хийдэг. Нэг нь Нисэхийн өөрийнх нь сургалтын төв, нөгөө нь Korean air сургалтын төвд.
Монголд онгоцны үйлчлэгч анхан шатны сургалтад 21, Korean air сургалтын төвд 14 хоног хамрагдан шалгалт өгсний дараа албан ёсны гэрчилгээгээр баталгааждаг байна.
МИАТ-ын нислэг гурван ээлжээр ажилладаг. Өдөрт олон улс, орон нутаг нийлсэн долоон нислэг, 1120 зорчигч үйлчлүүлдэг аж. Олон улсын нислэгийн бүртгэл хоёр цагийн өмнө эхэлнэ. Зорчигчдыг билет захиалж, авахад нь нислэг хийхээс хоёр цагийн өмнө бэлэн байх ёстойг ээлжийн ахлагч сануулдаг байна. Нислэг хийхэд тухайн улс орны гааль, хилээр оруулахыг хориглосон зүйлүүд байдаг. Аяллын дундуур Нислэгийн ээлжийн ахлагч Я.Дуламсүрэн “БНСУ руу махан махан бүтээгдэхүүн, буу, сум, ангын үслэг эдлэл авч гарахгүй байхыг зорчигчдод анхааруулан сануулж байгаа. Сүүлийн үед зорчигчид гар тээшиндээ мах, махан бүтээгдэхүүнийг янз бүрийн саванд савлаж гарах болсон тул хориглож хураан авч байна. Зорчигч мах махан бүтээгдэхүүн авч гарах гэсэн тохиолдолд 5000 воноор торгох заавар БНСУ-аас ирсэн” гэв.
Өглөөнөөс үд хүртэл МИАТ-аар аялсан бидний аялал агаарын хөлгийн засвар үйлчилгээний газраар ороод өндөрлөв. МИАТ компанийн агаарын хөлгийн засварын газар 1956 оноос хойших бүх агаарын хөлгүүдэдээ засвар үйлчилгээ хийж өнөөг хүргэжээ. Үе үеийн инженер техник ажилчдын бэлдэж өгсөн суурин дээр шинэ залуус 2014 оноос эхлэн гадаадын агаарын тээвэрлэгч компаниудын хөлгийн засварыг хийж эхэлсэн байна. Түүнээс хойш 62 дахь агаарын хөлөгт засвар үйлчилгээ хийж дуусчээ. 2017 онд хамгийн их буюу 25 агаарын хөлөгт завсар үйлчилгээ хийж, гадаадын 12 агаарын тээвэрлэгч компанитай хамтран ажиллаж байгаа гэнэ. МИАТ компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний дарга Ж.Чулуунжав бидэнтэй уулзахдаа “Агаарын хөлгийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээ 14 хоног үргэлжилнэ. Нэг онгоцноос ойролцоогоор 250-500.000 долларын орлого компанидаа оруулдаг. 2017 онд 25 онгоц засаж нийтдээ 5.2 сая долларын орлого оруулсан бол 2018 онд 12 агаарын том хөлөг засаж монгол төгрөгөөр 11 тэрбумын ашиг орлого оллоо. Манай компанийн агаарын хөлгийн завсарын үйлчилгээний газрын эрхэм зорилго Азийн бүс нутагт нэгдсэн бүрэн хэмжээний техник үйлчилгээ үзүүлэх бааз болох. Тиймээс зорилгынхоо хүрээнд бүрэн хэмжээний техник үйлчилгээ хийж байгаа. Азийн бүсэд үнэлэгдсэн нэг үнэлэмж бол Монгол инженерийн ур чадвар. Инженерүүдийн ажлын гүйцэтгэл сайн байна гэсэн үнэлгээнд тулгуурлаж Солонгос, Орос, Якутын авиа компаниуд МИАТ-ын агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрыг сонгон үйлчлүүлж байна” гэсэн юм.