СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-01-07

“Атаман” Б.Галсансүх

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Бүгд л бурханд  мөргөж, шүтдэг атал  “Болор цом”-ын тайзнаас “Бурхан битгий хуц” гэсэн нөхрийг  “атаман” гэхээс яахав. Тэр шүлгээрээ 2006 оны “Болор цом”-ыг авсан ч   “Тэрслүү байх гээд ядчихсан…”  зэрэг шүүмжлэл хэсэгтээ л өрнөсөн. Харин Ардын уран зохиолч П.Бадарч “Бурхан битгий хуц гэж байгаа хүнийг яруу найрагч гэхгүй яах юм бэ” гэж  өмөөрч билээ. “Болор цом”-ын эзэн болох хүртэлх замд тэр айраг, аман хүзүүнд багтаж  байв. 2005 онд  яруу найрагч Ж.Мөнхбаттай  үзүүр, түрүүнд үлдэж  байлаа. Бас  “Болор цом шиг хэрэггүй юм алга гэсэн ярилцлага өгч  шүүмжилж  явсан ч удаатай. Гэхдээ  цаг үе, нийгэм, улс төрийн нөхцөл байдал, монгол хэл цаашид байх уу, үгүй юу гэдэг асуудалд сэтгэл  зовниж “Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ” гэж шүлэглэсэн нь бий. Мөн     “Болор цом шиг наадам зайлшгүй хэрэгтэй, байх  ёстой. Монгол хэл оршин тогтноход, ялангуяа өнөөдөр шиг шүлэг, зохиол уншихаа байсан цагт хэрэгтэй”  гэсэн эргэцүүлэл нийтлэлээрээ нийгэмдээ  дохио өгч байв.

 

“Муур хочит, муухай аашт, сайхан зант…”
 

Анх түүний   “Муур”, “Муурын гийнаан”, “Миний Өндөрхаан-Миний Шарльвиль” тэргүүтэн шүлгүүд нь  “Ил товчоо” сонины “Болор эрхи”  буланд хэвлэгдэхэд  хөрш зэргэлдээ Баруун-Уртад амьдарч агсан хүүхдийн нэрт зохиолч Н.Доржцэрэн “Өндөрхааны энэ хүү хол явж, овоо юм дуулганаа” хэмээсэн гэдэг. Өвгөн зохиолчийн үг удалгүй батлагдаж Б.Галсансүх  1990-ээд оны Монголын яруу найрагт хаалга тогшиж бус цонхоор үсэрч орж ирээд “Модернист командлагч” болчихсон.

Муурын тухай шүлэг  түүний уран бүтээлд нэгээр тогтохгүй. Үл ойлгогдом, утга нь яг муурын нүд шиг нэг тийм хялбар  тайлагдамгүй. Дээр нь тэр өөрөө хүзүүндээ өргөн гинж зүүн,  үсээ хусуулж, савхин хүрмээр гангарч явдаг  этгээд нөхөр. Шүлгээс нь болсон уу, эсвэл  яагаад ч юм бэ  түүнийг  урд насандаа “муур” байсан байх гэх шооч  бодол хэн хүнд  төрдөг байж мэднэ. Харин өөрөө “Та дандаа шахуу муурны тухай шүлэглэх юм. Арай урд насандаа муур байсан юм биш биз” гэсэн сониуч асуултад  “Магадгүй ээ. Гэхдээ би урд насанд юу байснаа, хойд насанд  юу болж төрөхөө мэдэхгүй” гэсэн нь бий. Гэвч өөрийн тухай “Би…” шүлэгт нь

“Би… буриад, хүү, эцэг, ах, гон бие

Бас яруу найрагч, тамхичин, сэтгүүлч

Муур хочит, муухай аашт, сайхан зант

Үүд тогшигч, үрэлгэн загнагч, үүрээр унтагч

Үүл шохоорхогч, үсээ засуулагч, өмд худалдан авагч…гэсэн мөрүүд   бий.

Энэ шүлэг цааш,

“Би…мөрөөдөгч, азгүй нууц амраг, анархист,

Мөнгөнд дурлагч, уншигч, тэнүүлчин

Даарамтгай ч халуунд дургүй, юм угаах дуртай

Гэнэтхэн гуниглагч, хуурамч даруу загнагч, салхинд зугаалагч

Хөгжим сонсогч, худлаа яригч, ханиад хүрэгч

Харандаа үзүүрлэгч, өрөө хөлслөгч, өрөнд баригдагч

Явган зорчигч, яриасагч чалчаа биш

Яаруу адгуу ч хойрго бус хааяа найрлагч

Шашингүй үзэлтэн ч шинжлэх ухаан ч биш панк

Шуугиан таригч, чимээгүй амьдрагч, сар шүтэгч.

Шинэчлэлийг гүйцэтгэг ч уламжлалыг судлагч мөн идеалист

Шөнө зүүдлэгч, чихэр идэгч, сахлаа хусагч….” хэмээн үргэлжилдэг юм. Өөрөөс нь өөр хэн ч түүнийг ингэж тодорхойлж чадахгүй.

Тэр бусдаас ийм  өөр, хамгаас  содон ч уулзаад ярилцахад  энгийн. Мэдээж  тийм ч нээлттэй  хүн бас  биш л дээ. Тиймээс    өнөө хүртэл хэн ч  түүний хувийн амьдралын талаар энд тэндээс уншиж, ам дамжуулан ярьж  байсангүй. Өөрөөр хэлбэл, шүлгүүд нь  “хит” болсон ч тэр  оньсого шиг амьдарч ирэв.

 

Яруу найрагч бол  гээд хөлийнх нь шөрмөс татчихжээ            

Б.Галсансүх анхны шүлгээ 10 настайдаа бичжээ. Дунд сургуулийн хоёрдугаар ангийн хүү хөдөө гэрийнхээ гадаа юм оёж шидэж суугаа ижийнхээ дэргэд хэвтээд  наран сөрөг саравчилж ахуйд нь  ер бусын  алтан зөгийнүүд нисэлдэж, ялаа хүртэл үлгэр ярих мэт дүнгэнэлдэх мэт ер бусын санагдаж үзэг, цаас шүүрч авсан нь тэр. Гэхдээ тэр  заавал яруу найрагч л болох ёстой нэгэн байж. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, мань эр бүжигчин болох гээд “Хан Хэнтий” чуулгын бүжгийн дугуйланд явтал хөлийнх нь шөрмөс татаад больжээ. Тэгэнгүүт  “Хөгжимчин болдог хэрэг” гээд морин хийлийн ангид шалгуултал “сонсголгүй” гээд  авсангүй.  Зураач болохоор шийдэж сансрын нисгэгч Ж.Гүррагчаа баатраас сэдэвлэн зурсан зургаа  “Пионерийн үнэн” сонины гар зургийн уралдаанд явуулахаар харж суутал   өөрт нь нэг л таалагдсангүй. Ингээд усан будгаар гараа гаргаж зурсан зургаа пийшиндээ хийгээд шатаачихаж. Нэг өдөр “Пионерийн үнэн” сонины шинэ дугаараас  яруу найргийн уралдааны зарласныг  уншаад  бичсэн шүлгүүдээ явуултал  хариу  ирсэнгүй тул тэгсхийгээд мартав.

Гуравдугаар ангид орсон намар гэрийн хаяанд гудас хаяад эмээтэйгээ цуг хэвтэж байтал ах нь “Утга зохиол урлаг” сонинд талх  боочихсон  өдрийн цайндаа ирж таарчээ. Сонинг нь аваад гарчиглаж суутал нэг буланд нь уралдааны дүн гарлаа гэсэн мэдээн дотор “Хэнтий аймгийн II найман жилийн сургуулийн 2 А ангийн сурагч Б.Галсансүх  “Сансарт хүрсэн найрамдал” шүлгээр гуравдугаар байрт оров” гэсэн байх нь тэр. Баярлаад гэрээ тойрон баахан гүйж, ингээд  маргаашаас нь үзэг дэвтэр бэлдэж аваад шүлэг бичдэг хүн болохоор шийджээ. Намар оройхон хотоос шүлгийн уралдааны шагналд зургийн дэвтэр, хичээлийн хэрэгсэл ирснийг хичээлийн эрхлэгч,багш нар олон хүүхдүүдийн өмнө гардуулан өгсөн нь  бүр ч урам нэмэв. Ингээд уран зохиолд  шимтэн  дурлаж, Ж.Пүрэвийн  “Зүрхний хилэн”, “Манан будан”-г уншиж, шүлэг тэрлээд гүйж явтал  Ломбын Нямаа багш нь хичээлийн эрхлэгчээр томилогдоод ирж.  Багш, шавь  бололцсоны дараа  багш нь тэмдэглэлийн дэвтэр өгч өдөрт таван шүлэг бичээд шалгуулж байхыг даалгав. Ийнхүү явсаар долдугаар ангид орсон жил Л.Нямаа багш нь “Одоо багшийнх нь чамд заах юм дууссан. Чамайг хоёр хүнд шавь оруулна. Чи хэнд нь шавь орохоо өөрөө мэд. Нэг нь Нямбуугийн Нямдорж гэж манай Хэнтийн уугуул,  Р.Чойномын найз, яруу найрагч хүн, одоо “Эрдэнэт”-д манаач хийж байгаа.

Нөгөө нь Д.Пүрэвдорж гэж мундаг яруу найрагч бий. Хоёр хоногийн дараа ирээд хэнд нь шавь орохоо хэлээрэй гэжээ. Хоёр хоног бодсоны эцэст “Н.Нямдорж гуайд шавь оръё” гэхэд нь  “Миний хүү боломжтой бол Эрдэнэт рүү явж уулз” гэснээр Л.Нямаа багшаараа захиа бичүүлж аваад гараад шидчихэж. Үүнээс хойш зуны амралт болгоноор “Эрдэнэт” рүү очиж, Н.Нямдорж багштайгаа хамт манаанд гарч, шүлэг бичиж суудаг болжээ. Н.Нямдорж багш нь Л.Нямаа багшаас  нь өөр арга барилтай. Өдөрт таван шүлэг бичихийг үүрэгдэхгүй,  хоёрыг л  бичүүлдэг. Харин тэрийгээ 20-30 удаа хуулж бич, ингэхдээ өөрт  таалагдахгүй нэг үгээ заавал засч  бич гэнэ. Ийм школоор аравдугаар анги төгстлөө явсан Б.Галсансүх хавар нь   Гадаад хэлний дээд сургуулийн орос, герман хэлний ангид шалгалт өгч тэнцжээ. Түүний дараа аймгийн даргын охин оноогоор жагссан байна. Гэтэл “Энэ нөхөр  хөдөлгөөнтэй, ер нь их сахилгагүй.

Ц.Элбэгдорж нарын  ардчилсан хөдөлгөөний  жагсаал хотод болоход Хан-Хэнтий чуулгын солгой Н.Төмөрхуяг нартай хамт явж оролцсон. Аймагт болсон ардчиллын жагсаалын хамгийн эхэнд  гүйж явсан. Ийм хүүхдэд дээд сургуулийн хуваарь өгч болохгүй, хармааны оноог нь харна” гэхчлэн шалтаг гаргаад  сургуульгүй үлдээчихэв. Гэртээ иртэл ах нь “За яахав, аймгийн уурын зууханд галч хий, эсвэл цэрэгт яв. Тэгээд дараа жилээс конкурс өг” гэсээр угтжээ. Өөрийн тухай яруу найрагч Б.Одгэрэл  найздаа захидал бичтэл “Гадаад хэлний дээд сургууль руу очиж уулзлаа. Жилийн төлбөр нь гурван мянга , оюутны  байрны жилийн төлбөр нь  140 төгрөг юм байна” гэсэн хариу ирүүлэв. Тухайн үед ээж нь олон таван юм ярилгүй хадгаламжиндаа байсан мөнгөн дээр сарын цалингаа авч  өгөөд хүүгээ хот руу үджээ.

 

Дөрвөн хүүхэд, таван номтой        
 

Б.Галсансүх  сургуульдаа орсон ч  дараа жил нь сургалтын төлбөргүйн улмаас  Ү.Хүрэлбаатарын эрхлэн гаргаж байсан “Улаанбаатар” сонинд идэвхтэн бичигчээр орж, удалгүй сурвалжлагч, хэлтсийн даргаар дэвшив. 19 настайдаа  Монголын анхны офсет хэвлэл, дэргэдээ гаалийн газрын харъяа “Алтан босго”, ЦЕГ-ын дэргэдэх  “Нүгэл буян” зэрэг дагуул сонинтой  Улаанбаатар сонины орлогч эрхлэгч болжээ. Сургуулиа тэр чигт нь хаян  цэрэгт явж, хүндэт харуулын 032 дугаар ангид алба хааж ирээд  төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сурвалжлагчаар орж,  дууны шүлгийн нэрт мастер  З.Түмэнжаргалын удирдлагад яруу найрагч  Н.Билгүүн, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Ц.Хулан, Х.Тэргэл, А.Эрдэнэ-Очир, н.Сарантуяа, Эмүжин нарын хамт ажиллажээ. Ийнхүү сэтгүүлзүйн гал тогоонд “чанагдсан” тэрээр 1995 оноос “Ноцтой мэдээ”  сонинг эрхлэн гаргаж  өнөө хүртэл 20 гаруй жил  авч яваа юм. Өнөөдөр телевиз, цахим сайт, сошиал орчин гэхчлэн үнэгүй мэдээлэл цацдаг суваг олширч,  цаасан хэвлэл уналтад орсноор . Цаашид ч хүмүүс цаасан хэвлэл уншихаа болихгүй. Яагаад гэвэл гарт үлдэх баримт шүү дээ. Харин түүнийг  гаргаж буй бид мэт нь байгаадаа  ханачихаад шинэ зүйл эрэлхийлэхгүй байж магадгүй гэж тэр ярьж байна.

Нөгөө талаас “Ноцтой мэдээ” сонин түүний гэр бүлийн компани. Сониноо гаргаж талхны мөнгөө олж яваа, цаас үзэгтэй нөхөрлөсөн жирийн уран бүтээлчид. Б.Галсансүхийн нэг зарчим нь гэр бүлийнхээ тухай олон нийтэд ярьдаггүй. Зураг, хөргөө ч дэлгээд байдаггүй.  “Би ийм зүйлд дургүй. Надаас битгий тийм зүйл шаардаарай” гэж тэр хэнд ч шуудхан  хэлчихдэг. Нэгэнт тийм хойно хэн ч шахаж шалгаагаад байх вэ.

Б.Галсансүх бол  Монголын яруу найргийг хөгжимтэй зүйрлэвээс  сондгой эгшиг,  бидний доторх  этгээд дүр, өөрийнх нь шүлгэлсэнчлэн  … “…Буриад, хүү, эцэг, ах /одоо өрхийн тэргүүн, дөрвөн хүүхдийн аав/

Бас яруу найрагч, тамхичин, сэтгүүлч

Муур хочит, муухай аашт, сайхан зант”

Үүд тогшигч, үрэлгэн загнагч, үүрээр унтагч”,  үүн дээр нэмээд “Модернист командлагч”, “Болор цом”-ын эзэн билээ. Найрагчийн  гэргий  Архангай нутгийн бүсгүй. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг герман хэлний орчуулагч мэргэжлээр төгсч “Ноцтой мэдээ” сонины нэг гол багана болж сэтгүүлзүйн салбарт  ажиллаж ирсэн. Өдгөө Б.Галсансүх дөрвөн хүүхэдтэй, таван номтой.  “Хүн судлал”, “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн”, “Постмодерн дөрвөн улирал”, “Сэтгэл гэдэг эрхтэн”, “Бурханд хэлэх зөвлөгөө” номоо уншигчдад хүргэсэн. Анхны номынхоо эхийг яруу найрагч  С.Анударийн “4 биш 4”-ийн хамт хоёр талаасаа уншдаг нэг ном  болгож гаргахаар  тухайн үеийн “Цоморлиг” гэдэг хэвлэлийн жижиг үйлдвэрт өгөөд мөнгийг нь төлж чадаагүй тул тэгсхийгээд орхигдсон байдаг.  Чухал эрхтэнийхээ урд архины шил барьсан нүцгэн зургаараа хавтсыг нь  чимж шуугиан тарьж байсан “Хүн судлал” анхны  номыг нь  тухайн үед Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн,  “Болор цом”-ын эзэн, зохиолч, яруу найрагч Д.Төрбат МЗЭ-ийн “Зөн” цувралд оруулан хэвлүүлж байсан түүхтэй.

Б.Галсансүхийн хувьд анх аравдугаар ангийн хүү ардчилсан хөдөлгөөнийг дэмжиж явсан ч 1996 онд МАХН-д гишүүнээр элссэн байдаг. Тус нам нэрнээсээ “Х” үсгийг авч хаяхад “нам хэрэггүй юм байна” гээд гарсан. Үүнийгээ “Би хувьсгалд дуртай учраас” хэмээн тайлбарласан. Түүнээс хойш “Хөх Монгол” бүлгэмдээ үнэнч үлдэж, Хонхэрээдийн Б.Энхбатын хамт хүчин зүтгэж байгаа. Уран бүтээлийн тухайд өдөр болгон шүлэг бичихийг боломжгүй гэж үздэг. Яг түүн шиг байнга ном хэвлүүлж гаргах нь ч боломжгүй хэмээдэг. “Бурханд хэлэх зөвлөгөө” номоо хэвлүүлснээс хойш шинэ ном гаргаагүй. Удахгүй шинэ бүтээлээр уншигчидтайгаа уулзах биз ээ. Түүнийг хамтдаа хүлээе.

Ч.ҮЛ-ОЛДОХ

2019.1.7 № 4 (5971)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.