Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, сүүлийн гурван жилийн мөн үеэс 6.9 хувиар бага байгаа юм. Хэдийгээр амбулаторийн үзлэгийн хувь бага байгаа боловч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол их байгааг Эрүүл мэндийн яамны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
Тэрбээр, "Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүүхдүүд эмнэлэгт хэвтэх нь 50-60 тохиолдлоор илүү байна. Сүүлийн 10 хоногт улирлын томуугийн буюу А хүрээний вирус гарч байгаа. Энэ нь хүндрэл ихтэй бөгөөд, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа болох магадлал өндөртэй” гэлээ.
Олон улсын нэршил нь нэг боловч үйлдвэрлэгч байгууллагуудын өөр өөр нэршилтэй эмийг олон дахин авах, хүүхдэдээ өгөх явдал гарч байгааг ЭХЭМҮТ-ийн эмч Б.Ариунхишиг анхаарууллаа
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлжээ. Тухайлбал, нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогоор 1,396 амьсгалын замын өвчтэй хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаа юм. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6 хувийг 15, үүнээс 69.4 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Мөн А хүрээний вирусийн тархалт их байгаагийн улмаас Эрүүл мэндийн яам ДЭМБ-аас улирлын томуугийн 1,200 хүн тун хүүхдийн, 500 хүн тун том хүний вакциныг тус тус захиалаад байгаа тухай мөн мэдээллээ.
Олон улсын нэршил нь нэг боловч үйлдвэрлэгч байгууллагуудын өөр өөр нэршилтэй эмийг олон дахин авах, хүүхдэдээ өгөх явдал гарч байгааг ЭХЭМҮТ-ийн эмч Б.Ариунхишиг анхаарууллаа. Тиймээс хүүхдийг 38.5 ба түүнээс дээш хэмээр халуурвал эмчийн зөвлөснөөр халуун бууруулах эм өгөх нь зүйтэй гэв.
Мөн "Томуугийн үед хавсарсан эмгэггүй хүүхдийн дархлааг дэмжсэнээр эмчлэгддэг тул ямар нэг антибиотик өгөх шаардлагагүй” гэсэн юм. Мөн томуугийн эмчилгээ 5-7 хоног хийгдэж байгаа бөгөөд энэ хугацаанд бүрэн эдгэрсэн гэж үзэх нь буруу гэлээ. Эмчилгээ хийлгэсний дараагаар олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, дулаан хувцаслах, амин дэмээр баялаг хүнс хэрэглэж байхыг эмч нар зөвлөж байлаа. Харин эмчилгээ хийлгэсний дараагаар хүүхдэд амьсгаадах, цээж хонхолзох зэрэг шинж тэмдгүүд илэрвэл даруй эмнэлэгт хандах ёстой гэв.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохицуулагч эмч Б.Баянбатаас тодруулга авсанаа хүргэж байна.
-Ямар хүүхдүүдийг хэвтүүлж, ямар хүүхдүүдийг гэрийн нөхцөлд эмчил хэмээн явуулж байна вэ?
-Манай эмнэлэгт ирж байгаа хүүхдүүдийн хувьд өндөр халууралттай, ханиалгасан хүүхдүүд хандаж байна. Шинж тэмдэг нь хүндэрсэн хүүхдүүдийг хэвтүүлэхээр, гэрийн нөхцөлд эмчилж болохоор бол үзэж зөвлөгөө өгөөд хоёроос гурав хоногийн дараа дахин үзэхээр явуулж байгаа.
Эцэг, эхчүүдэд зөвлөхөд эмчийн заавраар антибиотик хэрэглэх байтал эмийн замбараагүй хэрэглээнээс үүдэн тухайн өвчин угжирах, эмчилгээ нь удаашраад байна.
-Гэрийн нөхцөлд эмчилье гэдэг нь хэн нэгэндээ халдвар тараахаас сэргийлж байна гэсэн үг үү?
-Тухайн хүүхдийн биеий байдлаас хамаарч эмнэлэгт хэвтэх үү, гэрээр эмчлэх үү гэдгийг эмч шийднэ. Хүүхдэд аюултай ерөнхий шинж байдаг. Үүнд халуун буугаагаагүй удсанаас халдвар, хордолтын байдалтай болж, таталт өгөх хүндрэлүүд үүсдэг. Хүүхэд 38.5 хүртэл халуураад халуун нь буухгүй үед эмнэлэгт яаралтай хандаарай. Амьсгалахад хэцүү, яараглаад, маш олон амьсгалаад, хоол ундандаа муудаад байвал эмнэлэгт хандана. Мөн хүүхэд унтаархах, орчны идэвх суларсан тохиолдолд Эх хүүхдийн ягаан дэвтэрийн 16 хуудаснаас хойших заавар зөвлөмжийг уншин шинж тэмдэгийг ажиглах хэрэгтэй.
-Хүүхэд өндөр халуурсан тохиолдолд гэрийн нөхцөлд хэрхэн буулгах вэ?
-Халуун бууруулах парацетамол агуулсан төрөл бүрийн шахмал, сироп, лаа хэлбэрийн эмийг олон төрлөөр хэрэглэх нь эмийн хордолт үүсгэх гээд байдаг. Тэгэхээр эцэг, эхчүүд халуун бууруулах гэж байгаа бол нэг бол уухаар, лаа, сироп байдлаар өгөх хэрэгтэй.
Хамгийн түрүүнд хүүхдийнхээ хувцасыг нэмэглэнэ. Шингэн юм сайн уулгаад парацетамолыг насанд тохируулан тунгаар хэрэглэж болно. Эсвэл ибупрофен насанд тохирсон жингээр хэрэглээд эмнэлгийн байгууллагад хандана. Өндөр халуураад халуун байхгүй байвал халдвар, хордлогын шинж тэмдэг илэрч таталт өгөх хүртэл хүндрэл гардаг.
-Хүүхдэд сармистай шөл, халуун сүү сармистай өгч болох уу, зарим эмч нар хүүхдэд өгч болохгүй гэсэн байна лээ?
-Хүүхдийн маань биеийн онцлогоос хамаараад чацаргана, нэрс, аньс уувал харшилдаг байгаа. Тэрнийн адил тухайн хүүхэд сармисанд мэдрэг тохиолдолд харшил өгч болно. Тэгвэл хэрэглэхгүй. Харшилтай зүйлийг нь хэрэглэх юм бол шуугиад бачуурал өгөөд тууралт гараад хүүхдийн биеийн байдлыг дордуулдаг байгаа. Танай хүүхэд дээрх зүйлд харшилгүй бол сармистай хоол унд хэрэглэж болно. Ялангуяа халуун, бүлээн уух зүйл сайн хэрэглэж дархлааг дэмжих хэрэгтэй.
-Тэгэхээр эцэг, эхчүүдийн хувьд ардын бор эмчилгээг хэрэглэн дархлааг нь дэмжиж болох уу?
-Харшил өгөхгүй бол хэрэглэж болно. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үүднээс амаа ариутгалын уусмалаар зайлах, амны хөндийг цэвэрлэх, содатой усаар зайлах нь маш сайн нөлөөтэй.
- Ибупрофен, парацетамол хоёр юугаараа ялгаатай вэ?
-Энэ хоёр эмнийн хувьд халуун бууруулах, өвдөлт намдаах үйлчилгээтэй. Тухайн хүүхэд юунд мэдрэг вэ гэдгээсээ хамаарч хэрэглэнэ. Хоёуланг нь давхцуулж хэрэглэж болохгүй.
-Антибиотикийг эрүүл мэндийн байгууллагууд ямар тохиолдолд бичиж байгаа вэ?
-Шаардлагатай тохиолдолд бичиж байгаа. Тэгэхдээ ямар бүлгийн аль антибиотикоосоо эхлэх вэ гэдгээ сонгох ёстой. 1, 2, 3 бүлгийн антибиотик гээд байдаг. Хүүхдэдээ эхлээд нэгдүгээр бүлгийн антибиотикоос эхэлж өгдөг байгаа. Эцэг, эхчүүд өөрсдийн дураар гуравдугаар бүлгийн антибиотик хэрэглэснээр эмчилгээг хүндрүүлдэг.