Амь насаа учир битүүлгээр алдсан Ч.Чамин-Эрдэнэ охины хэргийн талаар “Охидын түүх” ТББ, охины ээж Г.Чимгээ нар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Уг хэрэг дээр цагдаагийн байгууллага анхааралдаа авч ажиллаж байгаа ч хэргийг үнэн зөв тогтоолгохын тулд 13 настай охины хэргийг өмгөөлж байсан Р.Булгамаа өмгөөлөгчид удаа дараа хүсэлт тавьснаар шинэ өмгөөллийн багаа бүрдүүлж хэргийг дахин шалгаж байгаа гэдгээ мэдэгдэв.
Одоо болтол загварын ертөнцөд хамт ажиллаж байсан найз нөхдөөс нь нэг ч хүн холбогдоогүй. Охид эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө бид нэгдэх ёстой
“Охидын түүх” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан:
-“Охидын түүх” ТББ нь нэг сарын өмнөөс талийгаачийн ар гэрийнхэнтэй хамтарч ажиллаж байна. Манай байгууллага нь охид эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө ажилладаг. Бидний зүгээс талийгаач Ч.Чамин-Эрдэнэ охины хэрэг бүрэн шийдэгдээгүй байхад буруу ташаа мэдээлэл битгий тархаасай, хохирогчийг буруутгахгүй байх, үнэн бодитой шийдвэр гарахад нь хүч нэмэн ажиллаж байна. Одоо болтол загварын ертөнцөд хамт ажиллаж байсан найз нөхдөөс нь нэг ч хүн холбогдоогүй. Охид эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө бид нэгдэх ёстой” гэв.
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ:
-Э.Одонтунгалаг, найз залуу байсан Н.Нэмэхбаяр хоёрын хэн нь ч надтай холбогдоогүй, уулзаагүй байгаа. Э.Одонтунгалагийн хувьд АНУ-д сайхан наранд жаргаад явж байна. Н.Нэмэхбаяр БНСУ-д явж байгаа гэсэн сураг байна. Гэтэл миний охин хүйтэн, харанхуй газар хэвтэж байхад энэ хоёр юу бодож явж байгаа юм. Би энэ хоёрыг хэзээ ч өршөөхгүй, охиныгоо нэхэж авна. Өдийд миний охин байсан бол инээж ханиагаад сайхан явж байгаа. Зүгээр байсан хүүхдийг яагаад ийм болгож байгаа юм бэ? Тэдэнд нь маш их гомдолтой байна. Гарцаагүй Э.Одонтунгалаг, Н.Нэмэхбаяр хоёр хэрэгтэн. Би аягүй гомдолтой байна.
Цагдаагийн байгууллагынхан хахууль авсан. Найз залуу нь болох Н.Нэмэхбаяр миний охины биед халдаж зодож байсан баримт байгаа. Баримтуудыг удахгүй дэлгэнэ.
Сурвалжлагч Д.Болор-Эрдэнэ