Америкийн дуучин, дуу зохиогч алдарт поп од Lady Gaga олон нийтийн үйл ажиллагаа, улаан хивсний ёслолуудад өвөрмөц содон гангараа, хэний ч санаанд оромгүй хувцаслалтаараа үргэлж ялгардаг. “Алтан бөмбөрцөг” кино наадмын 76 дахь ёслол хүндэтгэлийн арга хэмжээн дээр поп од аварга том цэнхэр даашинзаар гангарчээ.
Цэлмэг тэнгэрийг санагдуулам цэнхэр даашинзыг “Валентино” урласан ба хүзүүндээ зүүсэн “Тиффани”-ийн алмаз эрдэнэ нь л гэхэд таван сая ам.долларын үнэтэй юм байна. Энэ өнгө төрх, хэв маяг нь 1999 оны Оскарын шагнал гардуулах ёслолыг санагдуулж байгаа тухай шинжээчид өгүүлжээ.
Lady Gaga энэ жилийн “Алтан бөмбөрцөг”-т зөвхөн гангарах гэж ирээгүй бололтой. Түүний Брэдли Күпертэй хамтран тоглосон “A Star is Born” уран сайхны бүрэн хэмжээний кино шилдэг кино төрөлд, поп од шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчинд нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Тиймээс энэ удаагийн кино наадам хатагтай Гьагьагийн хувьд онцгой арга хэмжээнд тооцогдож буй нь гарцаагүй.
Түүнчлэн Lady Gaga тус киноны дууг дуулсан нь одоогоор киноны шилдэг дуу төрөлд ялж “Алтан бөмбөрцөг” аваад байна.
Эх сурвалж: www.qz.com