Шинэ жилийн дуудлага худалдаагаар 2013 онд 280 кг жинтэй аварга туна загас 155 сая иенээр зарагдаж дээд амжилт тогтоож байжээ. Таван жилийн өмнө уг амжилтыг тогтоож байсан Японы туна загасны хаан сушины мэргэжилтэн Киёши Кимура өмнөх амжилтаа хоёр дахин өсгөжээ.
Кимура өнгөрсөн амралтын өдөр Токио хотын Тоёосу загасны зах дээр болсон шинэ жилийн дуудлага худалдаанаас аварга хөх туна загасыг 333 сая иен буюу 3,1 сая ам.доллараар худалдаж авсан байна. Суши-Занмай сүлжээ зоогийн газрын эзэн Кимурагийн худалдаж авсан хөх тунаг Аомори мужийн орчмоос барьжээ.
Туна загасны хаан хэмээн өргөмжлөгдсөн Кимура “би шинэ жилийн дуудлага худалдаанаас 30-50 сая иенд багтааж худалдан авалт хийнэ гэж тооцоолж байсан. Хамгийн үнэтэйдээ 60 сая иен л зарцуулах төлөвлөгөөтэй байсан ч тав дахин илүү үнэд хүрсэн. Миний худалдаж авсан туна загас шив шинэхэн, бас тарган харагдаж байсан болохоор маш амттай санагдсан” гэж ярьсан байна.
Урьд жилүүдэд шинэ жилийн дуудлага худалдаа Цукижи захад болдог байсан. Цукижи нь Японд төдийгүй дэлхийд хамгийн том загас, далайн гаралтай бүтээгдэхүүний зах байсан хэдий ч өнгөрсөн 10 дугаар сард хаалгаа барьж Тоёосу руу нүүж ирсэн юм.
Эх сурвалж: www.cnn.com