Афганистан улсын зүүн хойд Бадахшан мужийн Кохистан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхай нурж дотор нь байсан 40 уурхайчин амиа алджээ. Тосгоны иргэд 60 метрийн гүнд дарагдсан уурхайчдын цогцос болон амьд үлдсэн хүмүүсийг аврахад албаны хүмүүст тусалсан байна. Аврагдсан хүмүүсийн дунд уурхайд ажиллаж байсан хүүхдүүд багтжээ.
Тус улс газрын баялаг ихтэй ч зөвшөөрөлгүй уул уурхай эрхлэх, хэт хуучны болоод шаардлага хангаагүй уурхайнууд олон. Тиймээс аюулгүй байдал зөрчигдөж, уурхайн осол гарах нь элбэг.
Тосгоныхны ярьснаар уурхай нурах үед экскаватор ажиллаж байсан байна. 40 уурхайчин амиа алдсанаас гадна 10 гаруй хүн гэмтэж бэртжээ. Амиа алдсан хохирогчдын гэр бүлд 660 ам.долларын нөхөн төлбөр олгох ёстой аж.
Хараа хяналтгүйгээр уул уурхай эрхлэх нь орон нутгийнхан төдийгүй Талибаны зэвсэгт бүлгийнхний орлогын эх үүсвэр болдог байна.
Эх сурвалж: www.bbc.com