Ч.ГАНТУЛГА
Энэ удаагийн “Кино ертөнц” буландаа дөнгөж нээлтээ хийгээд буй “Хийморь” уран сайхны киноны тухай онцолж байна. Киног Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэж, жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн ур ухаанаар бүтээсэн аж.
Төрсөн нутаг, өсгөсөн эзэн рүүгээ давхих хүрэн морь. Саад бэрхшээл бүхнийг даван туулж, ижил сүрэг, элгэн садан руугаа тэмүүлэх монгол морь. Кинонд монголчуудын нүүдэлчин амьдрал тэр тусмаа дэлхийн талыг эзэлсэн монгол морины шандас, эх нутагтаа тэмүүлэх тэмцлийн тухай өгүүлэх юм. Киноны нээлтийн үеэр найруулагч Г.Эрдэнэбилэгтэй цөөн хором ярилцлаа.
-Киноны нээлтэд ирсэн хүн бүхэн дэлхийд Монголыг тамгалах уран бүтээл болжээ гэж ярьж байна. Танд баяр хүргэе?
-Баярлалаа. Миний ард олон уран бүтээлч бий. Хамгийн эхэнд баг, хамт олондоо талархсанаа илэрхийлье. Киноны ерөнхий ивээн тэтгэгчээр “Ажнай” корпораци ажиллаж, “Three Flames”, “Nomadia”, “Belgute” pictures хамтран бүтээлээ. Бид өнөөдөр киногоо нээгээд орхихгүй. Цаашлаад олон улсын тэмцээн уралдаанд сойх төлөвлөгөө бий.
-Кино багийн бүрэлдэхүүнийг харахад “Олон улсынх” гэж онцолмоор санагдсан. Гадны олон уран бүтээлчийг нэгтгэж чадсанаараа та Монголын кино урлагт жишиг тогтоочихлоо?
-Кино хийх тухай бодож эхлэхдээ л баг, хамт олноо хэрхэн бүрдүүлэх тухай нарийн төлөвлөгөө гаргасан. Тиймээс ч ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украйн, Киргиз, Малайз зэрэг олон орны уран бүтээлчидтэй хамтарлаа. “Хийморь” кинонд OXУ-ын гавьяат жүжигчин Василий Мищенко, Казахстан улсын Ардын жүжигчин Айдос Бектемир, гавьяат жүжигчин Нурлан Алимжанов, Акниет Беласарова зэрэг олон мундаг уран бүтээлч тоглосон. Харин дуу, хөгжмийг АНУ-ын кино компанитай хамтарч хийлээ.
-Кинонд монгол ёс жудаг, морь, хүн хоёрын гүн холбооноос эхлээд олон сэдвийг хөнджээ. Нээлтээ хийчихээд эргээд харахад юу бодогдож байна?
-Кинонд хүн гэдэг адгуус амьтнаас долоон дор болчихож гэсэн нэг санаа явж байна. Хүн хүнээ хайрлахаа байчихаж. Уг нь монгол хүнийг морьгүйгээр төсөөлшгүй. Гэвч уламжлалт ёсоо мэддэг залуус өнөөдөр ховорхон байгаа нь харамсалтай. Бид морио магтан дуулах ёстой. Монгол морины түүх ямар агуу билээ. Үүнийг л уран бүтээлээрээ хүргэхийг хүссэн.
-“Хийморь” бүтээлийн үнэ цэнэ нь мэдээж “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн явдал. Энэ найраглалтай та хэзээ танилцаж байв?
-“Хүрэн морь” найраглал тэр чигээрээ дүрслэл. Бидний үеийн багачууд тус найраглалыг цээжээр мэднэ. Ч.Лхамсүрэн гуай энэ бүтээлээрээ 1963 онд Төрийн шагнал хүртсэн байдаг. Миний хувьд энэ мундаг найраглалыг барьж авч, кино болгоно гэдэг айдастай, амаргүй даваа байсан. Гэвч одоо л хийх ёстой гэж өөрийгөө хурцалсны эцэст баг хамт олонтойгоо ард нь гарч чадлаа.
-Орчин үед зарим бүтээл их амархан бүтсэн шигээ богино настай байх нь элбэг. Харин “Хийморь” киноны хувьд гурван жил дамнасан гэж сонссон?
-Кино зохиолоо анх 2016 онд бичсэн. 2017, 2018 оны хооронд зураг авалтаа хийж, 2019 онд үзэгчдийн хүртээл болгож байна. Хэдийгээр олон улсын баг хамтарч бүтээсэн боловч “Хийморь” кино цэвэр монгол бүтээл гэж онцолмоор байна. Монгол зохиол, монгол уран бүтээлчдийн ур ухаан, авьяас чадвар нэвт шингэсэн юм шүү.