Хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатын зургаан жилийн дараа үзэгчидтэй уулзахаар төлөвлөсөн зүйл нь энэ сарын 21, 22, 23-нд толилуулах “Хязгааргүй цаана” тоглолт. “Эзлэн” тоглолтоосоо хойш тайзан дээр гаралгүй нам гүмхэн байсан тэрбээр шинэ бүтээл төрүүлснээ сонсогчдод хүргэх цаг болжээ гэж шийдсэн нь энэ.
Найруулагч Н.Наранбаатартай хамтарч У.Шекспирийн “Ромео, Жульетта” драмын жүжгийн хөгжмийг үзэгчдэд сонордуулан ОХУ-аас шагнал хүртэж байсан тэрбээр гурван өдөр Улаанбаатарчуудыг уяраан доргиох гурав дахь уран бүтээлийнхээ тоглолтоор хөгжмөөр дамжуулан хязгааргүйн цаадахыг мэдрүүлэхээр зорьж буй аж.
Хөгжмийн ертөнцөд өөртөө зав өгөлгүй туурвисан шинэ бүтээлүүдээсээ гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай хамтарсан “Үр минь үлдэх хорвоо” дуугаа дээж болгон эхлээд хүргэх юм байна.