"Ниссан"-ы гүйцэтгэх захирал асан Карлос Госн Токио хотын хорих газарт өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш хоригдож байгаа. Хоёр ч удаа баривчлагдаж, энэ сарын 11-ний өдөр хүртэл саатуулагдах нь тодорхой болсон Карлос Госн өнгөрсөн хугацаанд олон нийтийн өмнө огт гараагүй. Тэгвэл ирэх долоо хоногийн мягмар гарагт түүнийг байцаалтан дээр олон нийтийн өмнө гаргахаар болжээ.
Карлос Госныг санхүүгийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж баривчлан саатуулаад байгаа юм. Гэхдээ чухам ямар шалтгаанаар удаан хугацаанд хорьж саатуулж байгааг тайлбарлах хүсэлтийг тэрээр тавьжээ.
Эхний удаад прокурорууд Госныг 2010-2015 оны хооронд олон арван сая долларыг "Ниссан"-аас хулгайлсан гэж үзсэн юм. Мөн 2008 онд санхүүгийн хямралын үед компанид орж ирэх хөрөнгө оруулалтыг хувьдаа завшсан гэж буруутгасан.
Олон улсын ажиглагч шинжээчид Японы автомашин үйлдвэрлэгч компани "Ниссан" Госны хэргээс хойш дахин гадны иргэнийг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байж магадгүй хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: www.cnn.com