Жеби нэртэй далайн хар шуурга Япон улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч байна. Одоогоор багаар бодоход 10 хүн амиа алдаж 40 ор сураггүй болоод байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Япон улсын баруун нутаг даяар шуурч байгаа Деби хар салхи Кёото, Осака хотуудад их хэмжээний гарз хохирол учруулаад байгаа юм. Нислэг, галт тэрэгний тээвэр, усан онгоцнуудын үйл ажиллагаа зогсож олон мянган зорчигч Осакагийн олон улсын нисэх онгоцны буудал дээр гацаад байна.
Нагояа, Осакад олон улсын 800 нислэг цуцлагджээ. Хэдийгээр хуй салхины хүч суларч, хойд зүг рүү чиглэж байгаа ч хөрсний гулсалт, үерийн аюул үргэлжилсээр байгаа юм. Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшихидо Сугагийн мэдэгдсэнээр хар салхины улмаас 300 хүн бэртэж гэмтжээ.
Лхагва гаригийн өглөөний байдлаар 1,2 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх тухай хэлэлцэж байна. 30,000 хүн маш хүнд байдалтай байгаа ч одоог хүртэл тэднийг нүүлгэн шилжүүлээгүй байна. Сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд гээд 2 сая гаруй байшин барилга үүд хаалгаа барьжээ.
Монгол улсын Гадаад харилцааны яамнаас Япон улсад Жеби далайн хар салхины хурд 172 км/цаг хүрсэн тул онгоцны нислэг, галт тэрэг, зарим замын хөдөлгөөнийг түр хаасан байгаа тухай мэдэгдлээ. Мөн тус улсад манай улсын 7,000 гаруй иргэн оршин суудгаас Кансай буюу байгалийн гамшиг тохиолдож буй бүсэд 300 орчим иргэн байдаг гэжээ. Монгол улсын иргэн шуурганд өртсөн гэх мэдээлэл байхгүй гэж Осака дахь Ерөнхий консулын газраас мэдэгдсэн байна.