Монгол Улсад бөөрний дутагдалд орсон 400 гаруй өвчтөн байдаг аж. Хоёр бөөр нь ажиллагаагүй болсон хүмүүст хоёр төрлийн эмчилгээ хийх боломжтой. Бөөр шилжүүлэн суулгахаас гадна диализийн аппаратад орох нь эцсийн эмчилгээ гэсэн үг. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг манай улсад хийдэг ч тэр бүр донор олдоггүй. Тиймээс хоёр бөөр нь ажиллагаагүй болсон өвчтөнд эцсийн найдвар нь диализийн аппарат, эсвэл донор олдох. Диализийн аппарат бөөр нь ажиллагаагүй болсон хүмүүсийн цусан дахь хорыг цэвэршүүлэн гаргаж, хиймэл бөөрний үүрэг гүйцэтгэдэг.
Аппарат Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт, нөгөө нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт байдаг боловч бөөрний дутагдалтай олон хүнд хүрэлцдэггүй байна. Яаралтай эмчилгээнд орох шаардлагатай ч, аппарат хүрэлцээгүйгээс эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа хүн ч цөөнгүй. Тиймээс донор гарч цусны бүлэг таарч байвал дууддаг гэнэ. Арван хүн байхад зөвхөн нэгд нь таарах тул энэ нь ховорхон олддог аз. Тиймээс амьдрал, амьдрах нас бэлэглэгч донорт баярлаж талархаад баршгүй юм.Сүүлийн үед донор олддоггүй хүмүүст тархины үхжилттэй хүмүүс тус болж байгаа аж. Бөөр нь ажиллагаагүй болж өвчинд шаналан өдөр хоногийг хэцүүхэн өнгөрөөж байгаа залууд нэгэн залуу донор болж (бөөр, элэг) амьдрал бэлэглээд бурхны оронд заларчээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт мэс заслын хагалгаа хийсэн эмч нар үүнд ихээхэн ач холбогдол өгч, эмнэлгийнхээ лабораторийг уртгасан цагаар ажиллуулсан байна.
Энэ тухай Алдарт эх группэд нэгдсэн Д.Ариунгэрэл хэмээх бүсгүй цахимд “ Ямартай ч баз дүүгийн минь зургаан цаг үргэлжилсэн бөөр шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай дууслаа. Гурван хүнд амьдрал бэлэглээд одсон аугаа сэтгэлт донор залуудаа гүн хүндэтгэл илэрхийллээ бид. Буянтай хүмүүс тэнгэрт одохдоо ч бусдад сайныг түгээсээр одох юм даа” хэмээн бичжээ. Түүний энэ постыг уншсан хүмүүс “Сайхан мэдээ байна. Бөөрөө өгч донор болсон залуу асар том буян хийжээ. Хүнд амьдрал бэлэглэнэ гэдэг хэмжээлшгүй их буян юм. Үүнийг юутай ч зүйрлэшгүй” хэмээн талархсан хариу бичжээ.