Монголын эмэгтэйчүүдийн холбоо (МЭХ)-ны чуулганаас сэтгүүлч Б.Оюунгэрэлийг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон билээ. Chuhal.mn сайтын ерөнхий захирал, Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Мэдээллийн Сайтуудын Ассоциацын тэргүүнээр ажиллаж байсан тэрбээр сонгогдсоныхоо дараахан "Монголын эмэгтэйчүүдийн холбоог олон нийтэд нээлттэй байгууллага болгохоос гадна, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг хүчирхийлэлтэй тэмцэх үйлсээр ажлаа эхлүүлнэ" хэмээсэн юм.
Өнгөрсөн 10 дугаар сард хуралдсан хуралдаанаас Монголын эмэгтэйчүүдийн холбоо дүрмийн шинэчлэл хийсэн нь чуулганы томоохон ололт байлаа гэдгийг төлөөлөгчид онцолж байв. Тэгвэл тус холбооны шинэ ерөнхийлөгч энэ сарын 04-06-нд Ховд аймагт ажиллахаар хүлгийн жолоо залжээ. Түүнтэй хамтарч Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн өнөөдөр өсвөр үеийнхэнд зориулсан сургалт, уулзалтыг Ховд их сургуулийн лекцийн зааланд зохион байгууллаа.