Уолт Диснейн “Бяцхан лусын дагина”, “Гоо үзэсгэлэн ба араатан”, “Араатны хаан арслан” зэрэг алдартай хүүхэлдэйн кинонуудад хамгийн сонирхолтой үйл явдал сайхан сэтгэлтнүүд болон хорон муу санаатнуудын хооронд өрнөдөг.
Анзаараад үзвэл Урсула шулам, Сорвит, Араатан бүгд анхандаа муу хүмүүс байгаагүй. Тэд ердөө өөрсдийгөө сайн хүн гэж бодсондоо хүрч чадаагүйгээс болж хорон муу санаатан болсон нийтлэг талтай. Сорвит сүүдэрт ертөнцийн өлсгөлөн амьтдыг хооллохыг хүссэн бол Урсула ид шидээ хүмүүсийн сайн сайхны төлөө ашиглахыг хүсдэг байсан ч бүтээгүй.
Уг жишээнээс харахад аливаа хүн зөвхөн сайн зан чанартай байдаггүй, ядаж л 100 хувь төгс төгөлдөр байх нь боломжгүй.
Сэтгэлзүйч Долли Куг хүмүүсийг өөрсдийгөө сайн хүн гэж төсөөлөхийн оронд илүү сайн байж чадна гэж итгэвэл амжилт гаргаж, өсөн дэвжиж, чин сэтгэлээсээ өгөөмөр нинжин байж чадна гэж зөвлөжээ. Учир нь хүн бүрийн зүрх сэтгэлд сайн сайхан ёс суртахуунтай байх боломж бий. Тиймээс би угийн сайн хүн гэж бодох биш, үүнээс илүү сайн байж чадна гэж бодох нь зүйтэй гэжээ.
Нью-Йоркийн их сургуулийн профессор Кугийн тайлбарласнаар өөрийгөө сайн гэж боддог хүн ёс суртахууны хүсэл эрмэлзлээсээ татгалзсан гэдгээ мэдэх үед хамгаалах эсвэл хаалт тавих хандлагатай байдаг. Энэ үеийг сэтгэл судлаачид өөрийгөө заналхийлэх үйлдэл гэж нэрлэдэг байна. Тиймээс өөртэйгээ тэрсэлдэж, өөрийгөө буруутгаж үзэн ядах нь бий. Ийм хүмүүс голчлон тогтсон сэтгэлгээтэй байдаг.
Харин илүү сайн байхын төлөө хичээдэг хүмүүс гаргасан алдаандаа гэмших, юун дээр алдсанаа эргэцүүлэн бодох, эргээд уучлалт гуйх чадвартай, дахин алдахгүйн тулд хичээх эрмэлзэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл өөдрөг сэтгэлгээтэй гэсэн үг. Хүний ёс суртахуун, зан байдлыг өөрчлөх амаргүй ч сайн хүн гэсэн тогтсон байдлаас илүү сайн байж чадна гэдэгтээ итгээрэй.
Эх сурвалж: www.qz.com