УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-аас Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг баталвал МАН-ын дотоод хагаралд цэг тавьж чадах уу?
-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийнхээ хүрээнд санаачилсан төсөлд нь бид хүндэтгэлтэй хандах ёстой. Өнөө өглөө Д.Лүндээжанцан гишүүнтэй ярилцаад органик хуульдаа өөрчлөлт оруулж байж процессын хуулиа өөрчлөх ёстой бус уу. Хуулийн процедур нь зөв үү гэдэг асуултыг тавьсан. Д.Лүндээжанцан гишүүний зүгээс хөл нь дээшээ, толгой нь доошоо харсан хуулийг оруулж ирлээ гэж хэлсэн. Нөгөө талаасаа хууль санаачлагч аливаа хуулийг өргөн барихдаа Хууль тогтоомжийн тухай хуулийг дагаж мөрдөх ёстой. Үүнийг өнөөдөр ярихаар нөгөө гишүүдийн зүгээс сөргүүлээд яриад эхэлсэн байна лээ. Хуулийн төслийг хүлээж авсан. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой. Хэрэв Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл батлагдвал хуулийн дагуу УИХ-ын даргыг огцрууллаа гээд УИХ-ын тухай хуульд зургаадах үндэслэлээ нэмээд уг хуулийн төсөл хүчин төгөлдөр мөрдөгдвөл асуудал хэлэлцэгдэнэ. Ингэхийн тулд 39-өөс дээс гишүүн гарын үсгээ зурж дахин өргөн бариад хуулийн дагуу хэлэлцэгдээд явна.
-Үүний дараа өнөөгийн үүсээд буй асуудал бүрэн шийднэ гэж ойлгож болох уу?
-Эв зүйгээ олох тухай асуудал ганцхан намын удирдлагаас л хамааралтай. Намын удирдлага өнөөдөр энэ асуудлыг зохицуулах бүрэн боломж бий. Харамсалтай нь үүнийг хүсэхгүй эсвэл чадахгүй байна уу гэдгийг би хэлж мэдэхгүй. Манай намын бүлэгт намынхаа даргыг эрс эсэргүүцдэг хүн байхгүй. Харин намын даргын үйлдэл, хэлсэн үгийг нь эсэргүүцдэг хүн надаас эхлээд байгаа. Энэ бүхнийг хэлж болохгүй, хэлгүй дүлий чигээр дүрмийг нь өөрчлөөд явна гэвэл их л буруу жишиг рүү явна гэж би харж байна.
-Ерөнхийлөгчийн санаачилж байгаа хуулийн төсөл УИХ-ын халдашгүй байдалд нөлөөлнө гэж зарим гишүүн ярьж байна. Үүнтэй та санал нийлэх үү?
-Яг ямар утгаар тэгж ярьсныг нь мэдэхгүй байна. Харин энэ хуулиар маш буруу жишиг тогтоно. УИХ-ын даргыг нэг хэсэг бүлэгт нь таалагдахгүй бол гарын үсэг цуглуулаад огцруулдаг болох нь. Дөрвөн жилийн хугацаанд Засгийн газраа 2, 3 сольдог байсан бол одоо УИХ-ын даргаа олон сольдог байдал руу орж байна. Энэ нь өөрөө төрийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлнэ. Миний бодлоор бол энэ хуулийг нь баталж, М.Энхболд гэдэг хүнийг огцруулчхаад энэ хуулиа хүчингүй болгочхоосой билээ гэж залбирч байна. Ингэвэл монгол төрийн дархлаанд хэрэгтэй юм болов уу даа. Нэг хүнд зориулж хууль гаргаж байгаа учраас тэр хүнээ огцруулах үүргээ биелүүлбэл буцаагаад үүнийгээ хүчингүй болгочих хэрэгтэй.
-УИХ-ын даргыг огцрохыг шаардсан 40 гишүүн Ерөнхийлөгчийн өргөн барьсан Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж болох байсан ч тэд өргөн барьсангүй. Ерөнхийлөгч энэ хуулийн өөрчлөлтийг өргөн барьж байгааг та хэрхэн харж байна вэ?
-УИХ-ын 40 гишүүн болон Засгийн газар энэ хуулийн төслийг санаачилж, өргөн барих бүрэн боломжтой байсан. Сүүлийн үед гацаа үүсч байгаатай холбоотойгоор хуульчид УИХ-ын даргыг огцрохыг шаардсан 40 гишүүнийг хуулийн төслөө оруулж ирээд, батлуулахыг зөвлөсөн. Ингэж хууль зөрчсөн тулгалт хийж байхынхаа оронд бүрэн эрх нь байхад хуулиа санаачлаад асуудлаа шийдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Ерөнхийлөгч санаачлаад оруулж ирж байгааг нь нийгэм хэрхэн хүлээж авч байгааг нь би мэдэхгүй. Манай нам нэг л даргатай болсон. Манай намын дарга санаачилж байна гэж л харагдаж байна.
Эх сурвалж: News.mn