Монголын Зохиолчдын Нэгдсэн Эвлэлийн 90 жилийн ойн баяр энэ сарын 9-нд тохионо. Ойд зориулсан 55 зохиолч, яруу найрагчдын хөрөг зургийн үзэсгэлэн Урчуудын эвлэлийн "BEST ART" галeрeйд “Хөрөг зургийн үзэсгэлэн” нээлтээ хийсэн юм. Үзэсгэлэнг МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Лхагва санаачлан, тус галерейн захирал, зураач С.Чулуунбаатар дэмжиж зохиолч, яруу найрагчдын хөргийг 25 зураач урлан бүтээсэн байна.
Үзэсгэлэнг нээж МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав " Зохиолч, яруу найрагчдын зургийг хөрөглөн зөвхөн гаднах төрх байдлаар бус дотоод сэтгэлийг хослуулсан энэ үзэсгэлэнг 90 жилийн ойд зориулан бүтээсэн зураачдад ихэд баярлалаа" хэмээсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан "Хүмүүн заяанд гурван эрдэм бий гэдэг. Сэтгэлийн эрдэм, оюуны эрдэм, ухааны эрдэм. Энэ гурван эрдмийг амилуулагч нь яруу найрагч, зураач, хөгжмийн зохиолч гурав. Энэ удаа зураач, яруу найрагч нар нийлэн хөрөг зургийн үзэсгэлэн нээж байгаа нь сайхан байна" хэмээн үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн уран бүтээлч, зочдод урам хайрлав.
Харин МЗЭ-ийн яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн Ж.Баяржаргал “Монголын утга зохиолын үүссэн үүрэг агуу байдаг. Утга зохиол бол Монголын ёс заншил, эв нэгдэл, өв уламжлалыг агуулж байдаг зүйл. МЗЭ 90 жилийн хугацаанд үеийн үед том сэхээтнүүд, зохиолчдыг төрүүлж ирсэн. Түүнчлэн мэргэжлийн сэтгүүлзүйг үүсгэн байгуулахад зохиолчид сэтгүүлзүйн ачааг үүрэглцэж ирсэн гэдгийг онцлон хэлье. 1990 оны ардчилсан хувьсгалд МЗЭ-ийн гүйцэтгэх үүрэг нэн тэргүүнд байсан” хэмээн онцолсон юм.
МЗЭ-ээс уламжлал ёсоороо яруу найргийн “Болор цом” наадам, Богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам, Оны шилдэг бүтээл шалгаруулах“ Алтан өд” наадам зохион байгуулж буй. Маргааш эхлэх "Болор цом" нийт 147 бүтээл ирснээс 27 шилдэг бүтээл шалгаруулсан юм. Үүний 17 яруу найрагч МЗЭ-ийн шагналтан.
Оны шилдэг шалгаруулах "Алтан өд" наадам ирэх даваа гарагт гадаад харилцааны яаманд болох бол мягмар гарагт МЗЭ-ийн 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн номын санд болно.
Сонирхуулахад МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, УДБЭТ-ын ерөнхий захирал Ц.Түвшинтөгс нар МЗЭ-ийн 90 жилийн ой болон 2019 онд утга зохиол, урлаг соёлын өргөн хүрээнд хамтран ажиллах албан ёсны гэрээ байгуулж ажиллахаар тохиролцов.