"Боловсрол" сувгаар ням гариг болгон "Mongolia’s next top model-2" шоу нэвтрүүлгийг хүргэж байгаа билээ. Уг нэвтрүүлэгт оролцсон “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model-2” шоу нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-нд зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Уг хэргийг гарсантай холбогдуулан нэвтрүүлгийн баг руу дайрах зүйл гарсан. Иймээс “Боловсрол” сувгийн нэвтрүүлгийн баг өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан юм.
“Mongolia’s next top model 2018” нэвтрүүлгийн Ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэн
Нэвтрүүлэгт 16 охин шалгарч үлдсэн бөгөөд одоогийн байдлаар шилдэг таван охин шалгараад байгаа гэнэ. Харамсалтайгаар шилдэг тавд үлдсэн талийгаач Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амиа алдсанд нэвтрүүлгийн багийн зүгээс харамсаж байгаагаа илэрхийлсэн. Нэвтрүүлгийн зураг авалт 2018 оны аравдугаар сарын 1 гэхэд дууссан бөгөөд одоо зөвхөн финалын шатны зураг авалт дутуу байгаа хэмээн нэвтрүүлгийн найруулагч дурдав.
Түүнчлэн сошиол хэрэгслээр цацагдсан худал хуурмаг төрөл бүрийн мэдээлэлд иргэдийг битгий хууртайсаа хэмээв. Нэвтрүүлэгт оролцсон охидын хувьд нэг нэгнийгээ үзэн ядсан зүйл байгаагүй.
Хэрэг явдал болсны дараа нэвтрүүлгийн баг эмээтэй нь очиж уулзан эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнтэй нь уулзсан. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагын зүгээс нэвтрүүлгийн бүх бичлэгийг хүлээлгэн өгсөн бөгөөд хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа.
Хүмүүсийг олон нийтийн сүлжээгээр шүүгчийн дүрд тоглохоо боль гэж хэлмээр байна. Ялагч тодорхой болсон байхад нэвтрүүлгээ зогсоо гэж байна. Энэ бол дэлхийн контент. Хэн түрүүлэхийг шүүгчид шийддэг. Түүнээс биш олон нийтийн сүлжээгээр шийддэггүй
“Mongolia’s next top model" нэвтрүүлгийн шүүгч Д.Нора "Манай нэвтрүүлгийн хувьд, оролцогч охид болон загварын ертөнцийнхний хувьд нөхөж баршгүй том гарз тохиогоод байгаа. Оролцогч, шүүгчид, зохион байгуулагчдын хувьд 2-3 сар өдөр бүр хамт амьдарч ажиллаж нэвтрүүлгийг хийж байсан. Талийгаачийг нас барсныг сонсоод маш их сэтгэлийн шаналал, шоконд орсон. Талийгаачийг нас барахад би Хятад улсад ажилтай явж байсан.
Намайг гадуур энд байгаад гэр бүлд нь очоогүй, эмгэнэл илэрхийлээгүй гэх ташаа мэдээлэл яваад байгаа. 49 хоногийнх нь өмнөхөн би Монголд ирсэн.
Нэвтрүүлгийн оролцогчид бие биенээ үзэн ядаж аминд нь хүрэх хэмжээний зүйл болоогүй. Ялангуяа, Одонтунгалагийн хувьд маш хэцүү байгаа. Гэрээсээ гарч, хичээлдээ ч явж чадахгүй байгаа. Тэр ердөө 18-хан настай хүүхэд. Загварын ертөнц нэгнээ захиалгаар алуулдаг тийм ертөнц биш. Загвар өмсөгч бүр биенээ таньдаг. Учир нь загварын ертөнц жижигхэн. Сошиал медиагаар явж буй энэхүү ташаа мэдээлэлд бүү итгээч. Үүнийг шүүж тогтоодог хуулийн байгууллага бий.
Хүмүүсийг олон нийтийн сүлжээгээр шүүгчийн дүрд тоглохоо боль гэж хэлмээр байна. Ялагч тодорхой болсон байхад нэвтрүүлгээ зогсоо гэж байна. Энэ бол дэлхийн контент. Хэн түрүүлэхийг шүүгчид шийддэг. Түүнээс биш олон нийтийн сүлжээгээр шийддэггүй" хэмээв.
"Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа “Боловсрол” сувгийн “Хэрэг явдал гарсны дараа талийгаачийг хүндэтгэн гурван долоо хоног нэвтрүүлгээ завсарласан. Ч.Чамин-Эрдэнийн ээжтэй нь ярилцан цаашид нэвтрүүлгээ гарах эсэх талаар ярилцсан. Ээж Чимгээ нь миний охин тэмдэглэлийн дэвтэр дээрээ “Миний хамгийн том мөрөөдөл "Mongolia’s next top model” шоунд түрүүлэх” хэмээн бичсэн байсан. Иймээс охиныхоо мөрөөдлийг хүндэтгэн хасаж, таналгүйгээр шоу нэвтрүүлгийг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байгаа.
“Боловсрол” суваг, нэвтрүүлгийн багийн хувьд цагдаагийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байна. Хэрэг явдал үнэн мөнөөр тогтоогүй байхад хэн үйлдсэн, юунаас болсон нь мэдэгдээгүй байхад хэн нэгэн рүү дайрж давшин төрөл бүрийн зүйл хэлэхгүй байхыг хүсэж байна хэмээн мэдэгдсэн юм.