Панам улсын далбаатай “MSC Zoe” хөлөг онгоц Германы Боркум арлын орчимд явж байгаад “Zeetje” далайн шуурганд өртөж тээвэрлэж байсан 270 чингэлгээ унагаажээ. Хөлөг онгоц 10 метр өндөр давалгаа үүсгэсэн далайн шуурганд өртөх үедээ 19,000 ширхэг чингэлэг ачсан байжээ.
Далайд унасан чингэлгүүдийн зарим нь задарч Герман, Нидерланд улсуудын эргүүдэд их хэмжээний хог, бараа бүтээгдэхүүн урсаж ирсэн байна. Эргийн хамгаалалтын албаныхан эдгээр хог хаягдлыг цэвэрлэхэд иргэдийн зүгээс ихээхэн тус хүргэжээ. Чингэлгүүдэд байсан телевиз, машины тоног төхөөрөмж, гутал хувцас, тоглоом, Ikea брэндийн тавилга зэрэг бараануудаас иргэд өөрсдөдөө хэрэгтэйг түүж авсан байна. Албаныхан найман км орчим газраас 130,000 кг хог хаягдал түүжээ.
Гэвч албаны хүмүүс далайн усанд хөвж ирсэн бараа бүтээгдэхүүнээс түүхдээ болгоомжтой байхыг анхаарууллаа. Учир нь “MSC Zoe” хөлгөөс алдагдсан чингэлгүүд дунд хортой химийн бодис ачсан гурван чингэлэг байгаа гэдгийг сэрэмжлүүлсэн байна.
Шиермонникуг арлаас химийн хэт исэлдүүлэгч бүхий 25 кг-ын шуудай олжээ. Эргийн хамгаалалтын алба далайд унасан чингэлгүүдийг үргэлжлүүлэн хайж байна. Германы далайн эрэгт хэд хэдэн чингэлэг олдсон ба Нидерландын ойролцоо 10 гаруй чингэлэг хөвж байжээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com