“Формула 1” уралдааны долоон удаагийн аварга алдарт нисгэгч Михаэль Шумахер 2013 онд цанаар гулгаж байгаад тархиндаа бэртэл авснаас хойш олон нийтийн өмнө огт гараагүй.
Түүний 50 насны ой өнөөдөр тохиож байгаа бөгөөд гэр бүлийнхнийх нь зүгээс агуу нисгэгчийн амжилт, ялалт, баяр бахдлыг тэмдэглэх болсноо албан ёсоор мэдэгджээ.
Германы тамирчин Шумахер Швейцарь улс дахь гэртээ эмчлэгдэж байгаа гэдгээс бусад түүний эрүүл мэндийн талаарх мэдээллийг чандлан нууцлаад байгаа юм.
Гэр бүлийнх нь зүгээс “сайн хүмүүс асарч хамгаалж байгаа гэдэгт та бүхэн итгээрэй. Бид түүнд туслахын тулд бүхий л боломжтой аргыг хэрэглэж байна” гэжээ.
“Формула 1” –ийн зохион байгуулагчдын зүгээс гэр бүлийнхэнтэй нь санал нэг байгаагаа илэрхийлжээ.
Шумахерын 50 насны ойг угтаж өөрийнх нь нэрээр шинэ аппликейшн гаргах юм байна.
Энэ апп нь “Формула 1” –ийн долоо удаагийн аварга нисгэгчийн амжилт, хичээл зүтгэлийг харуулсан цахим музей болно.
Шумахер нийт 306 удаа гараанаас гарсны 91 удаад нь түрүүлж байжээ.
Эх сурвалж: www.bbc.com