Хар цаас, хайч хоёроор хөрөг зураг урладаг яруу найрагч Ц.Галбадрах Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойд зориулсан 90 зохиолчийн хөрөг, уран бүтээлийн дээжийг багтаасан ном бүтээх санаачилга гарган “Бадрангуй урлаг” ТББ-ынхан хамтран ажиллаж буй. Тэгвэл шинэ оны босгон дээр “Чингисийн Монголын тэнгэрлэг зохиолчид” бүтээл өлгийдөн авчээ. Тэд шинэ номынхоо дээжийг Монголын Зохиолчдын Эвлэлийн удирдлагад өнөөдөр гардуулав.
Цаасан хөрөг хайчилбар, сонгомол бүтээл туурвил, дурсамж дурдатгалаас бүтсэн “Чингисийн Монголын тэнгэрлэг зохиолчид” номд орох уран бүтээлчийг сонгохдоо яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжгийн зохиол, хүүхдийн зохиол, шог хошин зохиол, орчуулга, утга зохиол судлал гэдэг долоон өөр төрөл чиглэлээс бүгдээс нь төлөөлөл багтаахыг зорьсон байна. Зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ж.Бадраа нараас эхлүүлэн энэ цагийн шилдэг залуу зохиолчид хүртэлх 90 уран бүтээлчийг сонгон оруулжээ.
Зохиол бүтээлийн хувьд “Миний нутаг”, “Монгол нутаг”, “Монгол хэл”, “Халуун элгэн нутаг” гээд монгол түмний сэтгэлд хоногшсон, мөн залгамж хойч залуу үеийнхний оюунд заавал хүрч байх ёстой гэж үзсэн бүтээлүүдийг сонгосон нь уншигчид ихэд таалагдсан байна. “Бадрангуй урлаг” ТББ бол зохиолч, орчуулагч, судлаач, сэтгүүлч, түүхч зэрэг мэргэжлийн хүмүүс сонирхлоороо нэгдэн цугласан хамт олон аж. Орчуулагч Норовын Пүрэвдагва, яруу найрагч Цээнзэнгийн Галбадрах, хэл шинжлэлийн ухааны доктор Дорлигийн Ганболд, сэтгүүлч Дэмчигжавын Отгонбаяр, Намжилцэрэнгийн Сарангэрэл, Цээсодролцоогийн Энхмаа, түүхч Санждоржийн Туяа, гэрэл зурагчин Лхагвасүрэнгийн Номингэрэл нар багтдаг энэхүү байгууллага 2013 оноос “Урлагийн номын сан” нэрийн дор цуврал бүтээл эрхлэн гаргаж буй.