ОХУ-ын Магнитогорск хотод он солигдох үед хий дэлбэрч 120 хүн амьдардаг орон сууц нурсан байна. Аврагчид нурсан барилгаас сураггүй болсон иргэдийг хайж олохоор ажиллаж, 11 сартай нялх хүүхдийг амьд мэнд аварч чаджээ.
Иван нэртэй бяцхан хүү барилгын нурангин доор 35 цагийн турш цельсийн -17 хэмийн хүйтэнд байжээ. Эхлээд үнэрч нохойгоор хайлгахад олдоогүй ч аврагчдын нэг хүүхэд уйлах чимээ сонссоноор хүүг хайж нурангинаас олсон байна.
Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр хүүг амьд мэнд аварсан ч дөрвөн мөч нь хөлдөж, толгойдоо хүнд бэртэл авсан тул нийслэл Москва хот руу эмчлүүлэхээр нисчээ. Хүүгийн ээж барилгаас эсэн мэнд аврагдаад байсан байна.
Магнитогорск хотод нурсан барилгаас таван хүнийг эсэн мэнд аварсан ч 30 гаруй хүн сураггүй хэвээр байгаа юм. Одоогоор найман хүн амиа алдсан болохыг албаны хүмүүс мэдэгджээ.
Мөн тус хотод хийгээр явдаг бага оврын автобус дэлбэрч гурван хүн амиа алдсан осол гарчээ. Хотын захиргаа лхагва гарагт төрийн далбаагаа бөхийлгөж, эмгэнэл илэрхийлэн соёл урлагийн холбогдолтой бүх арга хэмжээг цуцалсан байна.
Аюулгүй байдлын дүрэм журам зөрчигдсөнөөс хий алдаж, осол гарах тохиолдол ОХУ-д түгээмэл гардаг. Магнитогорск хотод болсон дэлбэрэлтийг мөрдөн шалгах ажил эхэлжээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com