НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн баярын үйл ажиллагаа төв талбай дээр эхэллээ. 22:00-01:00 цагийн хооронд үргэлжлэх баярын цэнгүүнд зуу гаруй уран бүтээлч, хэд хэдэн хамтлаг оролцож уран бүтээлээ толилуулах аж.
Жил бүрийн шинэ оны зааг дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга нийслэлчүүддээ хандан мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил энэ мэндчилгээг хэн дэвшүүлэх нь тодорхойгүй байна. Учир нь НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Харин шинэ хотын даргыг томилох ёстой НИТХ оны сүүлчийн өдрүүдэд улс төржилтөөс үүдэн хуралдаж чадалгүй өнжсөөр энэ жилийн шинэ оныг хотын даргагүй угтаж байна.
Дашрамд дуулгахад "Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүний үеэр талбай дээр халуун ундаа зууш, шинэ жилийн баярын худалдаа үйлчилгээ гарч, Нийтийн тээврийн хэрэгслээр төв талбайгаас чиглэл бүрт нэгдүгээр сарын 01- ний 02.00 цаг хүртэл үйлчлэх юм.
Арга хэмжээний үеэр Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, зэрэг байгууллагууд ажиллаж иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллана.