Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатарын уртын дууны шуранхай АНУ-ын Санфранциско, БНХАУ-ын Сувдан театр, Монгол Улсын Төрийн тэргүүний өргөөнд хүртэл цуурайлсан удаатай. Уртын дуугаа судалж дэлгэрүүлэх хүсэлтэй түүний гэрийнх нь номын сангийн тал нь уртын дуунд зориулагдсан байдаг. Өөрийн компьютертээ 700 орчим уртын дуу цуглуулан хадгалж сонсдог тэрбээр үүнийхээ 25 хувийг өөрөө дуулдаг гэдэг юм билээ.
Энэ цаг үед уртын дуучдаас хоолойн өнгө, ур чадвараараа цойлон дүүлсэн гайхалтай авьяастай дуучин бол яах аргагүй тэр. Энгийн амьдрал, эгэл даруу зангаар өөрийгөө чимдэг тэрбээр “Эртний сайхан”, “Үлэмжийн чанар”, “Урьхан хонгор салхи”, “Жаргалтайн дэлгэр” гэх зэрэг дуучин болгоны дуулаад байдаггүй авьяас хоолой шаардсан уртын дууг дуулж олныг гайхашруулж байв.
Тиймдээ ч тэрбээр үеийнхээ нөхдөөс түрүүлж гавьяат цол хүртсэн юм. Түүний төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Их-Уул сум. Хөдөө нутагт төрж өссөн түүнд хосгүй сайхан авьяас нуугдаж байгааг нутгийн бөх ах улсын начин Н.Баттулга анх олж харсан гэдэг. Сумынхаа наадамд барилдаж түрүүлээд сумын заан цол хүртсэн залууг начин Улаанбаатар хотод дагуулан авчирч, СУИС-д шалгалт өгүүлэхэд тэнцсэн байна.
Тэр цагаас гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, Ө.Базарбатын нарын шавь болж уртын дууны эрдмээс суралцан дуучин болох гараагаа эхэлсэн түүхтэй. Тэрбээр одоо Монгол улсын филармони, Морин Хуур чуулгын гоцлол дуучин. Дуулахаас гадна улсын цоллооч, бөхийн засуул. Шинэ оны өмнөхөн тэрбээр монгол ардын дуугаар цомог гарган өлгийдөн авчээ.
МУГЖ Б.Мөнхбаатар "Торой банди"
МУГЖ Б.Мөнхбаатар "Самгалдай" дууг хөгжмийн зохиолч Б.Чинбаттай болоод рок попын уран бүтээлчидтэй хамтарсан нь
Бөхийн цол дуудаачдын улсын уралдааны дэд байрын шагналт Б.Мөнхбаатар