Дэлхийн авто, мото спорт сонирхогчдын анхаарлын төвд байж, сонирхлыг нь татсаар ирсэн алдарт Дакар ралли тэмцээн эхлэхэд 7 хоног үлдлээ. 2019 оны 01 сарын 06-17 хүртэл үргэлжлэх уг уралдаанд оролцохоор монголын баг тамирчид 12 сарын 27-нд хүлгийн жолоо залсан.
Зорьсон газраа хөл тавьсан манайхан Перуд шинэ оныг угтана. Спортын хорхойтнуудыг цэнхэр дэлгэцийн өмнө 10 хоног тэвчээртэйгээр уяж чаддаг энэхүү нүсэр тэмцээнд 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцох юм. SXS ангилалд оролцох ОУХМ Ө. Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар 413, мотоциклийн төрөлд хурд сорих Н.Лхамаа 120 дугаартай уралдан Дакарын тэнгэрт тун удахгүй тоосоо өргөхөөр зэхэж буй.
Монголын багийн бүрэлдэхүүнд механикаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр Д.Баярбилэг, Г.Тэмүүжин, Б.Хатанбаатар, уралдааныг газар дээрээс нь сурвалжлан шууд дамжуулан хүргэхээр сэтгүүлч Б.Онон ажиллахаар очсон байна. Монголын тамирчдад дэлхийн бартаат замын хаан Дакар раллид амжилттай уралдах л үлдлээ.