Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000-тын дэвсгэртүүд байдаг тул Монголбанк нэн түрүүнд эдгээр 3 дэвсгэрт дээрх нэгдүгээр түвшний хамгаалалт болох иргэд энгийн нүдээр шууд хараад төвөггүй таних боломжтой элементүүдийг сайжруулах зорилтыг тавьсан.
Шинэчилсэн хувилбар гүйлгээнд гарсан ч одоо гүйлгээнд байгаа 5000 төгрөгийн дэвсгэртийг хүчин төгөлдөр хэвээр хэрэглэнэ
Шинэчилсэн хамгаалалтын элементтэй 5000 төгрөгийн дэвсгэртийг 2019 оны I улиралд багтаан гүйлгээнд гаргахаар төлөвлөсөн гэж Монголбанк мэдээллээ. Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн хувьд нүүрэн талд байрлах Соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн 3-н хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгсөнөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болсон.
Иймээс иргэд энэхүү шинэчлэгдсэн дэвсгэртийн талаарх мэдээллийг сайтар авах шаардлагатай юм. Үүгээр зогсохгүй ер нь иргэд мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын таних тэмдгүүдийг мэддэг байх нь төлбөр тооцоондоо хуурамч тэмдэгт авч хохирол амсах явдлаас зайлсхийх боломжтой юм.
Шинэчилсэн хувилбар гүйлгээнд гарсан ч одоо гүйлгээнд байгаа 5000 төгрөгийн дэвсгэртийг хүчин төгөлдөр хэвээр хэрэглэнэ.