Канад улсын Ванкувер болон Викториа хотноо шайбтай хоккейн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 43 дах удаагийн тэмцээн явагдаж байна. ДАШТ-д оролцож буй 10 улсын баг 2 хэсэгт хуваагдан хүч үзэж байгаа ба тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар А хэсгийг Канад, В хэсгийг Шведийн улсын багууд тус тус гурван хожилтойгоор хэсгээ тэргүүлсэн хэвээр байна.
Урьд шөнө болсон тоглолтууд тун сонирхолтой өрнөсөн ба хэсгийн тэргүүлэгчид хоорондоо тоглосон гэхэд болно. А хэсгийг тэргүүлэгч Канадын шигшээ баг хэсэгтээ хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор орж байгаа Чехийн шигшээ багтай тоглосон юм. Канадын шигшээ баг дэлхийн аваргын зангарга харуулж 5:1 харьцаагаар Чехийн багийг буулган авлаа.
Харин В хэсгийн хоёр хүчтэй багууд болох АНУ болон Шведийн шигшээ багууд хоорондоо таарч үзэгчдийг суудлаас нь өндөрзүүлсэн үзүүштэй тоглолт боллоо. Түрүү жилийн ДАШТ-д энэ хоёр баг хагас шигшээд хоорондоо учраа таарахад 4:2 харьцаагаар Шведийн шигшээ баг хожиж аваргын төлөө тоглох эрхтэй болж байсан юм. Энэ удаад тоглолтын эхний 2 үе Шведийн давамгайллаар буюу 4:0 харьцаагаар илт илүүрхсэн юм. Харин шийдвэрлэх гуравдугаар үед АНУ-ын тоглолтын тактик тун оновчтой болж ээлж дараалсан довтолгоонуудаа бүгдийг нь байнд нь тусгаж оноог 4:4 болгон тэнцүүлж чадлаа. Гэвч эцсийн цэгийг Шведүүд хатган нэг гоол хийснээр 5:4 оноогоор Шведүүд хожиж хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ.
Маргааш А хэсгийн тэргүүлэгч багууд болох Канад болон ОХУ-ын багууд хоорондоо тоглоно. Энэхүү тоглолт мөн л үзэгчдийн хүсэн хүлээсэн гоол арвинтай тоглолт болох бизээ.
АНУ болон Шведийн шигшээ багуудын гал гарсан тоглолтын тойм бичлэг: