“Хэмнэл зүрхэнд” тоглолтоо хийснээс хойш “Гурван охин” хамтлагийнхан тус тусын мөр хөөж шинэ уран бүтээл хийн уран сангаа баяжуулахаар шийджээ. Дуучин Х.Ану төлөвлөснийхөө дагуу “Clet” студид “The 90” хэмээх цомгийн дуугаа бичүүлэн хөгжмийн тохируулгыг ОХУ-ын найруулагч Максим Комовоор хийлгүүлж сонсогчдын сонорт хүргэж эхлэв.Түүнд ганцаар уран бүтээл туурвих амаргүй байсан ч өөрийн чиг хандлагыг харуулахын тулд хамтлагийнхаа хоёр найзын зөвлөгөө, шийдвэрийг аль болох сонсохгүй байхыг хичээсэн гэнэ.
Ирэх жилийн хавар цомгоо худалдаанд гаргахаар үүцэлсэн тэрбээр өмнөх уламжлалт хэв маягаа өөрчилж, өөрийн бие даасан бүрэн хэмжээний шинэлэг тоглолт 2020 онд хийхээр зорьж буй. Уран бүтээлдээ ийн анхаарал хандуулж буй нь дуунуудаа аялгуутай, чанартай байлгахыг хичээж байгаатай холбоотой гэнэ.