12-р сарын 29 монголчууд бидний хувьд ямар өдөр вэ?
Энэ асуултанд өнөөгийн залуус “Тусгаар тогтнолоо зарласан өдөр” гэхээс өөрөөр энэ өдрийн утга учрыг төдийлөн сайн мэддэггүй нь харамсалтай. Гэхдээ үүх түүхээ мэддэг, эрхэмлэдэг хэсэг нь энэ түүхэн өдрийн тухай мэддэг нь лавтай.
“Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 76.1.8-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12- сарын 29, бүх нийтээрээ амарна” гэж зааж, бид амарч баярласаар олон жилийг ардаа орхижээ.
Тэгвэл 12-р сарын 29-ний өдөр бол:
1911 онд 200 гаруй жил үргэлжилсэн Манж чин гүрний ноёрхлыг эцэс болгож 8-р Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, далбаа, хүндэтгэлийг өргөж таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол улс 100 дамнан оршсон тусгаар улс гэдгээ дахин зарлаж, өөрийн гэсэн засаг төртэй болсон гэсэн үг юм.
Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон гэж түүхчид үздэг билээ.
Харин өнөө жил дахин сэргэсэн Монголын тусгаар улсын анхны тэргүүн, шашин төрийг хослон баригч Богд хааны мэлмий гийсний 150 жилийн ой тохиож байна.